Өмнөд Солонгос ирэх онд сөрөг хүчний шинэ намтай болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-21 12:26:44

ТОКИО. /RIA Novosti/. Өмнөд Солонгосын сөрөг хүчний улс төрч Ан Чоль Су 2016 оны дөрөвдүгээр сард товлосон парламентын сонгуульд оролцох зорилгоор ирэх оны шинэ нам байгуулахаар төлөвлөж байгаа тухай Сөүлийн хэвлэлүүдэд мэдээлжээ.

“Шинэ нам байгуулах төлөвлөгөөгөө Билгийн тооллоор шинэ жил гарахаас өмнө хоёрдугаар сард танилцуулахаар төлөвлөж байна” гэж Өмнөд Солонгосын сөрөг хүчний улс төрч Үндэсний хуралдаа хэлснийг Ёнхап агентлаг уламжилсан байна.

Ан Чоль Су тус улсын сөрөг хүчний гол нам болох Ардчиллын төлөөх улс төрийн шинэ эвсэл намыг үүсгэн байгуулагч бөгөөд хамтран даргалагч юм. Тэрбээр намын дарга Мун Чэ Интой зөрчилдсөний улмаас тус намаас гарч байгаагаа 12 дугаар сарын эхээр мэдэгдсэн байна.

Шинэ нам нь “ард түмний амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн шинэ бодлого” боловсруулахад анхаарлаа хандуулна гэж Ан Чоль Су хэлжээ.

Тэрбээр мөн Өмнөд Солонгост вирусийн эсрэг “Ahnlab” программ бүтээгч томоохон компанийг үүсгэн байгуулагч гэдгээрээ алдартай юм. Сөрөг хүчнүүдийн нэгдэл болох Ардчиллын төлөөх улс төрийн шинэ эвслийг тэрбээр Мун Чэ Ин болон бас нэг улс төрч Ким Хан Гилтэй хамтран байгуулжээ.

Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын засгийн эрхийг Шинэ ертөнцийн нам буюу "Сэнуридан" болон Ардчиллын төлөөх шинэ эвслээс гадна сөрөг хүчний Шударга ёсны нам хамтран барьж байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ