Хангийн боомтоор жилд 60 мянга орчим жуулчин хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 16:30:26

Энэ оны 12 дугаар сарын эхээр байнгын ажиллагаатай болсон Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хангийн хилийн боомтоор жилдээ 60 орчим мянган жуулчин хүлээн авах гэрээг тус аймгийн удирдлагууд БНХАУ-ын ӨМӨЗО-ны  холбогдох аймаг, хошууны  хүмүүстэй үзэглэжээ.

Дорноговь аймаг  жилдээ 140 орчим  мянган гадаад дотоодын жуулчин хүлээн авдаг бол Ханги боомт нээгдсэнээр энэ тоо нэмэгдэж хил орчмын  аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутагт аялал жуулчлалаас орох мөнгөн хөрөнгийг өсгөх боломж нээгдэх аж. Ханги боомт нь  Сайншанд сумаас урагш 320 орчим км-ийн зайтай бөгөөд хилээс нааш Хөвсгөл сум, Зүүнбаянгийн чиглэлд төмөр зам, Сайншандын чиглэлд хатуу хучилттай авто зам барих ажлыг концессын шугамаар эхлүүлэх ажлыг хоёр тал судалж байна.

Монгол Улсын хамгийн том боомт хот болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор гарсан хүмүүсийн цуваа Сайншандаар дайрдаг бол Ханги боомтоор орж гарах хүмүүс мөн л Сайншандаар дайрч иргэд, худалдаачид, үйлчилгээний салбарын орлогыг тодорхой хувиар нэмэгдүүлэх боломжтой аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ