Д.Ганбат: Ондоо багтаж орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хуулийг өргөн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-22 14:07:00

УИХ-ын гишүүн Д.Ганбат орон сууцны 8 хувийн зээлийн хууль эрх зүйн орчныг хангасан шинэ хуулийн төсөл өргөн барих гэж байгаатай холбогдуулж тодруулга авлаа.

-Цэцийн дүгнэлтээс үүдээд өнөөдөр орон сууцны 8 хувийн зээл олголт зогсчихоод байна. Таныг хууль өргөн барих гэж байгаа гэж дууллаа?

-Цэц банкинд барьцаалсан хөрөнгийг барьцаалсан газраас нь асуулгүй иргэд бие биедээ шилжүүлээд байж болохоор дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлттэй холбогдуулж Монголын банкны холбооноос Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон уг хуулийн холбогдох заалтуудыг УИХ-аар шинэчлэн батлах хүртэл орон сууцны 8 хувийн зээлийг иргэдэд олгох боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг шинэчилж, орон сууцны 8 хувийн зээлийг үргэлжлүүлэн явуулах боломжийг хангасан, мөн гэр хорооллын иргэдийн хашааны газрыг өмчлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ дахь АН-ын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс хамтран санаачилж нэн яаралтай УИХ-аар батлуулахаар шийдвэрлэсэн мэдэгдэл гаргасан байгаа.

Миний бие 8 хувийн хүүтэй ипотекийн зээл цаашид үргэлжлэх ёстой гэж үздэг. Энэ зээл монголын ард түмэнд өгөөжөө өгсөн. Нийт 75 мянган иргэн орон байртай болсон. Энэ маягаар 10 жил үргэлжилвэл Улаанбаатар хот утаанаасаа ангижарч, үлдсэн 200-гаад мянган иргэн орон сууцанд орох боломжтой. Ийн үргэлжлэхдээ зээлийн хүү бусад орны жишгээр одоогийнхоос ч улам илүү буурах ёстой юм.

Ер нь бидний 25 жилийн өмнө сонгосон нийгэм бол хүн өмчтэй байх, өмч нь үнэ цэнэтэй, түүнийгээ барьцаалаад зах зээлийн харилцаанд ордог байхыг тунхагласан шүү дээ. Гэтэл энэ харилцаа өнөөдөр бүхэлдээ уначихаад байна. Иймээс энэ хөтөлбөрийн хууль эрх зүйн орчныг баталгаажуулах үүднээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуулийн төсөл өргөн барих гэж байна. УИХ-тай ярьж тогтоод хуулийн төслөө өргөн барих тов тогтооно. Болж өгвөл ондоо багтаагаад эрх зүйн орчныг хэвийн түвшинд авчирна гэсэн бодолтой ажиллаж байна.

-Хэдэн зүйл заалттай хууль байх вэ?

-Өмнөх хууль нь холбогдох хуулийн хэд хэдэн зүйл заалтан дээр Үндсэн хууль зөрчсөн гэж цэц үзсэн. Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр бол эцсийн шийдвэр. Тиймээс ийм тийм гэх шүүмжлэл алга. Хуулийн төслөө 2-3 заалттайгаар боловсруулсан.

-Шинэ хуулиа хэрхэн Үндсэн хуультай уялдуулах гэж байна вэ?

-Үндсэн хуультай зөрчилдөхгүй гэж ойлгож байгаа.

-Хуулийн төсөл дээр хэр чамбай ажиллав. Учир нь иргэдийн дунд хууль батлагдахыг хүлээсэн хүлээлт 8 хувийн хүүтэй зээл зогссон тэр өдрөөс эхэлчихээд байгаа учраас ингэж асууж байна л даа?

-Засгийн газраас санал авсан. Хууль тогтоох бүрэн эрхийн хүрээнд хуулийн төслөө өргөн барина. УИХ хэлэлцээд явах байх. УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дэмжиж байгаа. Дэмжигдэх байх гэж бодож байна.

-Шинэ онд энэ зээл сэргэх болов уу?

-Сэргээхийн төлөө л ажиллаж байна. Бүх зүйл надаас шалтгаалахгүй шүү дээ. Өөрийн зүгээс шалтгаалах бүхнээ л хийж байна.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ