ЗАВХАН: Баян айраг уулын хадны зурагт ан амьтдын болон аж байдлын сэдэвтэй зургуудийг дүрсэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сумын төвд Баян айраг уулаас олдсон археологийн дурсгалууд
хадгалагдаж байна.
Дөрвөлжин суманд Баян айрагийн хадны зураг, Буга хайрхны хиргисүүр, Сар хайрхны хиргисүүр, Хар овооны хүн чулуун хөшөө, Цагаан замын хөшөө чулуу, Элст толгойн хүн чулуун хөшөө, Хомын талын хиргисүүр, буган чулуун хөшөө зэрэг түүхийн дурсгалт өвүүд бий.
2004 онд тус аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Баян айраг
уулын эргэн тойронд орших хадны зургийг археологич Д.Цэвээндорж тэргүүтэй
судлаачид хайгуул болон малтлага судалгаа хийж 109 тооны дурсгал илрүүлснээс 24
хэсэг газарт хадны зураг илрүүлэн хуулбарлан авч судалжээ.
Эдгээр хадны зургийн дүрслэлийг хүн, буга, тэмээ, адуу, янгир, араатан, аргал, гахай, шувуу, бусад дүр дүрслэл хэмээн хуваан авч үзсэн байна. Баян Айраг уулын хаднаа ан амьтдын болон аж байдлын сэдэвтэй зургууд илүү их зонхилж байгааг судлан тэмдэглэжээ.
Баян айраг уулын хадны зурагт хүн, буга, тэмээ, адуу, янгир, араатан, аргал, гахай, шувуу гэх мэтчлэн ан амьтдын болон аж байдлын сэдэвтэй зургуудийг дүрсэлжээ. Он тооллын хувьд хүрэл зэвсгийн үед буюу христийн тооллын өмнөх III-I мянган жилд холбогдоно хэмээн судлаачид өгүүлсэн байна.
2013 онд аймгийн хамгаалалтад авч, "Баян айраг эксплорэйшн" компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дахь эдгээр хадны зураг бүхий чулууг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан. Дөрвөн хэсэг хадны зургийг нүүлгэн шилжүүлэхийн өмнө ЗР лазер скайнераар хэмжиж виртуал орчинд хадгалж хамгаалах, хадны зургийг нүүлгэн шилжүүлэх ажилд Соёлын өвийн үндэсний төв арга зүйгээр ханган ажилласан байна. Өдгөө хадны зураг бүхий дурсгалууд нь сумын төвийн ЗДТГ-ын байрны урд байршиж байгаа бөгөөд сумын төвийн хүүхэд залуучуудад өв соёлын дурсгалуудыг таниулах ажлыг хийж байна.
Ташрамд, Монгол-Америкийн хамтарсан судлаачид 2007 онд Баруун Монголын археологийн дурсгалуудтай танилцах зуураа зам дагуух 17 дурсгалыг бүртгэн тэмдэглэн авсан байдаг. Үүний нэг нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Сар хайрхан уул орчим хиргисүүр бүхий цогцолбор дурсгал юм.
Баян Айраг эксплорэйшн компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас олдсон хадны зураг бүхий хаднууд
Баян Айраг уулын хадны зураг дүрслэл