Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-24 18:42:28

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар үдээс хойш дахин хэлэлцэв.   

Үдээс өмнөх хуралдаанаар эл асуудлыг хэлэлцсэн ч гишүүдийн олонх дэмжээгүй учир Б.Жавхланг албан тушаалд нь хэвээр үлдээсэн. Гэвч үдээс хойшхи хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Хувь хүний өөрийнх нь гаргасан саналыг хүндэтгэж үзэх хэрэгтэй" хэмээн дахин хэлэлцэх хүсэлтийг УИХ-ын даргад гаргасан юм. Харин үүнийг гишүүдийн олонх дэмжин дахин хэлэлцэж, 90 хувийн саналаар Б.Жавхланг албан тушаалаас нь чөлөөллөө.  

Харин зарим гишүүд энэ үеэр эсрэг тэсрэг байр суурь илэрхийлж байв. Тухайлбал Н.Батбаяр гишүүн "Сонгуульд оролцохын тулд төрийн албан тушаалаа өгөх хэрэгтэй гэсэн хуулийн заалт байгаа учраас хүмүүс ингэж байна. Төрд зүтгэсэн хүмүүсээ хүндлэх хэрэгтэй. Энэ зохицуулалтыг байхгүй болгох ёстой" гэсэн бол Х.Тэмүүжин гишүүн "УИХ түүхэндээ гурван удаа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасныг хүлээж авахгүй гэсний нэг нь энэ байсан. Өмнө нь Р.Амаржаргал, Ц.Шаравдорж нар өөрсдийн хүслээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх гэхэд УИХ хүлээж аваагүй. Энэ удаад бас хүлээж авахгүй гэсэн байсныг санал хурааж чөлөөллөө. УИХ-аас томилдог, чөлөөлдөг албан тушаалд хэн нэгнийг чөлөөлөхгүй гэж үзэх бүрэн эрх УИХ-д байгаа" гэсэн юм.

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ