“Мастерс лиг” ирэх сард эхэлж 4 сар үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-25 16:13:33

“Мастерс лиг”-ийн тэмцээн 2016 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр эхлэх бөгөөд Монголын сагсанбөмбөгийн холбоо /МСБХ/-ноос хоёр дахь жилдээ зохион байгуулах тус тэмцээнд 38-аас дээш насны тамирчид оролцдог уламжлалтай.

“Мастерс лиг” тэмцээнийг МСБХ-ноос дээд лигийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэний 20 жилийн ойд зориулан 2014 онд эхлүүлсэн юм. Анхны тэмцээнд нийтдээ есөн багийн 100 гаруй тамирчид оролцон дөрвөн сарын турш өрсөлдсөнөөс СМ н.Эрдэнэчулуун ахлагчтай “Хасын Хүлэгүүд” баг түрүүлж, “Монхаус” компанийн баг дэд байрт шалгарсан. Энэ жилийн тэмцээнд мөн есөн баг оролцож байгаа бөгөөд лигийн анхдагч, мөнхийн өрсөлдөгчид болох “Алтайн Бүргэдүүд”, “Бизнесийн Чөтгөрүүд” багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Гавьяат тамирчин Ц.Шаравжамц тэргүүтэй “1+11”, “Генералууд” багийн үндсэн бүрэлдэхүүн “Хобби” клуб нэртэй оролцох юм. Харин ОУХМ Ж.Майбаяр, С.Пүрэвдорж нараар ахлуулсан “Хөвсгөл нэг үе” клуб өнгөрсөн жилийн хүрэл медалийн амжилтаа ахиулах зорилттой оролцохоо мэдэгдлээ. Харин “Гэгээн хангай”, “Нью Констракшн”, “Русккие Колбасы” багууд анх удаа оролцоно. “Мастерс лиг”-ийн тэмцээн сарын 03-нд спортын төв ордонд эхэлж, ням гараг бүр тоглолтууд болж 4 сарын дараа аварга баг тодорно.

“Мастерс лиг”-ийн хоёр дахь тэмцээнд түрүүлж аварга болсон баг аваргын цом, алтан медаль, өргөмжлөл, 5 сая төгрөгийн шагналын эзэн болно. Харин дэд аваргууд мөнгөн медаль, 3 сая төгрөгийг хүртэх юм. Тэмцээний үеэр холын зайн шидэлтийн өрсөлдөөнийг уламжлал ёсоор зохион байгуулна. Өнгөрсөн жилийн тэмцээнийг олон улсын аудитын компани болох “Ernst Young” co.ltd дэмжин ажилласан бол энэ жил хамтрах сонирхолтой бүхий л компанитай ажиллахад бэлэн гэж тэмцээнийг зохион байгуулагчид онцлов.

Д.Өлзий

Холбоотой мэдээ