ҮХЦ-ийн шийдвэрийг хүчингүй болгож, өмнөх хуулийг сэргээнэ гэв

Монголын мэдээ
ariunbold@montsame.mn
2015-12-25 16:15:12

Төрийн орон сууцны корпорациийн захиалгаар барьж буй “Буянт- Ухаа 2” хорооллын нэгдүгээр ээлжийн эхний 1620 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авч, өнөөдөр эхний 5 айлд түлхүүр гардуулан өглөө.

Түлхүүр гардуулах ёслолд УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-ийн Ерөнхийлөгч Б.Жүгдэр нар оролцлоо.

“Буянт-Ухаа 2” хорооллын нэгдүгээр ээлжинд нийт 2592 айлын 48 орон сууц баригдахаас улсын комисс 30 барилгыг ашиглалтад хүлээн аваад байгаа аж. Үлдсэн 18 барилгын ажилын явц 44.9 хувьтай байгаа бөгөөд ирэх оны 5 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд ашиглалтад орсон 1620 айлын орон сууцад орох хүсэлтэй 1130 өргөдөл ирсэн талаар ТОСК-ын ерөнхий захирал А.Гантулга түлхүүр гардуулах үеэр хэллээ.

Тэрбээр, ҮХЦ-ийн шийдвэртэй холбогдуулан арилжааны банкууд иргэдэд олгох зээлээ зогсоосон. Ингэснээр манай корпорацид орох ёстой 10 тэрбум төгрөгийн орлого зогссон. Үүний улмаас төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд цалингаа олгож чадахгүй 2 сар болж байна” хэмээв.

Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд ипотекийн зээлийн асуудлыг цагаан сараас өмнө шийдвэрлэнэ хэмээн амлав. Тэрбээр, 2012 оноос хойш иргэдэд хэрэгтэй олон бүтээн байгуулалтын ажил хийж байгаагийн нэг нь Төрийн орон сууцны корпорацийн “Буянт-Ухаа 1” хорооллыг босгосон. Энэ хороололд 1764 өрх аж төрж байна. Өнөөдөр “Буянт-Ухаа 2” хорооллыг нээж байна. Засгийн газар 2012 оноос хойш 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлж эхэлснээр 44 мянга 336 өрх 2 их наяд 427 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр авч, 177,3 мянган иргэн шинээр өөрийн гэсэн орон сууцтай болж, ахуй амьдрал нь дээшилж байна. Гэтэл өнөөдөр ҮХЦ-ийн шийдвэрийн дагуу 8 хувийн зээл зогссон. УИХ-ын даргын хувьд ҮХЦ-ийн шийдвэрийг хүчингүй болгож, өмнөх хуулийг сэргээх болно.

Ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээр зөвхөн иргэд орон сууцанд ороод зогсохгүй 77 мянган монгол барилгачин ажилтай, барилгын материалын үйлдвэрүүд орлоготой байгаа юм. Тэгэхээр ҮХЦ-ийн шийдвэр барилгын салбарыг бүхэлд нь устгасантай адил шийдвэр болсон гэсэн үг. 2012 онд Монгол Улсад барилга барихад нийт барилгын материалын 30 хувийг дотооддоо үйлдвэрлэж байсан бол өнөөдөр 60 хувь даваад, 70 хувьд хүрэх гэж байна. Бид барилгын үндсэн материалуудаа импортлохоо больсон.

Ипотекийн зээлийн үйл ажиллагаа бүр 1990-ээд оны дунд үеэс хэрэгжиж байгаа, Тухайн үед зээлийн хүү нь 20 хувь байсан тул тэр бүр олон айл өрх хамарч чаддаггүй байсан. 2013 оны 05 дугаар сард ипотекийн зээлийг 8 хувиар тогтооход инфляци 14 хувьтай байсан. Өнөөдөр инфляци гурван хувьд хүрсэн тул 8 хувийн хүү буурах ёстой. Бид энэ бодлогоо УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулган дуусахаас өмнө ажил болгоно.

2016 он гараад бүгд үүнийг шийдэж дуусгах учир эргэлзэх хэрэггүй. Та бүхэн 2016 оны өмнө шинэ байрандаа орж чадахгүй байж магад, гэхдээ цагаан сараа шинэ байрандаа тэмдэглэх болно гэдгийг баталж хэлье” гэлээ.

“Буян-Ухаа-2” хорооллын хоёрдугаар ээлжийн төслийн хүрээнд 3780 айлын 60 орон сууцны барилга, нэг ээлжиндээ 1250 хүүхэд сургах хүчин чадалтай 2 сургууль, 240 хүүхдийн 3 цэцэрлэг барих аж.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ