Хаан банк, ЗЦГ, Мобиком, НОБГ эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар тодров

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2015-12-25 16:32:28

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс НОБГ, Замын цагдаагийн газар, Хаан банк, Мобиком корпорацийг “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар тодрууллаа.

Энэ жилийн хувьд эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар шалгарах хүсэлтээ төр, хувийн хэвшил нийлсэн 20 гаруй байгууллага ирүүлснээс олон нийтийн эрүүл, аюулгүй байдлын төлөө хэрэгжүүлсэн үйл ажиллагааны цар хүрээ, үр дүнгээр дээрх байгууллагууд шалгарчээ.

НОБГ нь байгалийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослоос нийт 685 хүний амь насыг аварч, үнэлж баршгүй гавьяаг байгуулжээ.

Замын цагдаагийн газар нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний сахилга бат, хөдөлгөөнд оролцох соёлыг дээшлүүлэхэд анхаарч сургалт сурталчилгааг нийтдээ 396 удаа хийж, 28559 иргэнд ухуулга яриа 712 удаа хийж, 334827 хүнийг тус тус хамруулж ажилласан байна.  

ХААН банк нь “Хавдрын эсрэг үндэсний аян” төслийг ХСҮТ-тэй хамтран  2011-2015 онд хэрэгжүүлэх хугацаандаа 90992 хүнд үзлэг оношилгоо, 403 яаралтай мэс засал /орон нутагт/, 5408  эмч мэргэжилтний ур чадварын сургалт, 2063 Хаан банкны сайн дурын ажилтан, 63700 иргэнд хавдраас сэргийлэх сургалт, мэдээлэл, 470 гаруй хавдраас урьдчилан сэргийлэх талаар нийтлэл, нэвтрүүлэг  бэлтгэж  720 сая төгрөгийн санхүүжилт хийж, хавдраас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан байна.

Мобиком корпораци нь аливаа гэмт хэрэг, хүчирхийлэл, зам тээврийн ослоос  урьдчилан сэргийлэх чиглэлээр нийтдээ  таван удаагийн 5,5 сая хэрэглэгчдэд мессеж илгээсэн бөгөөд байгууллагын санаачилгаар Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас ажиллуулж 250 мянган дуудлага хүлээн авч үйлчилжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ