Монгол төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-12-29 14:23:07

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар өнөөдөр 13.15 цагт Төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөв.

Цэцэг өргөх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд болон албаны бусад хүмүүс оролцов.

Ёслолын үеэр Төрийн ордны хойд голын Соёмбот хаалганд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсч, үлээвэр найрал хөгжимд Төрийн дуулал, хүндэтгэлийн марш эгшиглүүлэв.

Монгол төрийн тамганы хөшөөг Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болгон Төрийн ордны арын цэцэрлэгт босгосон юм. Монгол төрийн тамгыг бар бариултайгаар бүтээж, хөшөөний дөрвөн талд Их Монгол Улсын, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын, 1924 онд Үндсэн хуулиар батлагдсан БНМАУ-ын, 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамгыг байрлуулжээ. Мөн тамганы хөшөөний суурь хэсэгт төрөө хүндэлж, сүслэн дээдэлж ирсэн монгол олон омгийн 168 тамгыг гантиг чулуун дээр цоолборлон бүтээсэн байдаг юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Холбоотой мэдээ