Г.Уянга: Монголбанкны мэдээллийг иргэн Ш.Чулуунбаатараас аваагүй
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ Монголбанкнаас ажилтнууддаа тараасан 3.7 тэрбум төгрөгийн тухай мэдээллийг иргэн Ш.Чулуунбаатараас аваагүй гэж мэдэгдлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өнгөрсөн 3 дугаар сард газрын дарга нартаа 45-180 сая буюу нийт дүнгээр 3.7 тэрбум төгрөгийг тараасан гэх баримтыг Г.Уянга гишүүн тараасны дараа түүнд нэгэн захидал ирсэн байна. Уг захидалд, "Шинэбаатар овогтой Чулуунбаатар миний бие тантай уулзах хүсэлтийг таны туслахад хэд хэдэн удаа тавьж байсан боловч таны цаг зав хомс байгааг харгалзан энэхүү захидлыг хүргүүлж байна. Би сүүлийн нэг жил шахам хугацааны туршид өөрийн амьдралтай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар танд учирлахын тулд энэхүү захиаг бичлээ. Миний бие 2010 онд Турк улсад сурлагын амжилтаараа Турк болон олон улсын оюутнуудыг манлайлан, шилдэг оюутан шагнал хүртэж, Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөн, их сургуулиа төгсөж ирсэн билээ. Эх болсон орныхоо хөгжил дэвшилд өөрийн өчүүхэн хувь нэмрийг оруулах чин хүсэл маань намайг эх орон руу минь хөтөлсөн юм. Улмаар 2011 оноос ажил амьдралын гараагаа Монголбанкинд эдийн засагчаар эхэлж, Монгол төрийнхөө төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байлаа. Богино хугацаанд ахлах эдийн засагчийн албанд дэвшиж Монголбанкны баярын бичиг, үнэ бүхий зүйл, шилдэг ажилтанд хоёронтоо нэр дэвшиж нэр төртэй, үнэнч шударгаар хөдөлмөрлөж байлаа.
Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр та өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан Монгол банктай холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлсний дараа энэ асуудалд Монголбанкнаас намайг буруутгасан юм. Ингээд миний хөдөлмөрлөх эрхийг энэ оны 3 сараас хойш хааж, ажиллуулахгүй байгаа бөгөөд мөн халсан шийдвэр гараагүй. Энэ хугацаанд эд хөрөнгийн асар их хохирол, сэтгэл санааны гүн хямралд орлоо. Монгол улсын иргэн хүний хувьд өөрийн хууль ёсны эрхээ хамгаалуулах зорилгоор Монгол банкийг хариуцагчаар татан Иргэний хэргийн шүүхэд хандсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс үнэний талд буюу миний талд шийдвэр гаргасан юм.
Хэдийгээр тийм боловч Монголбанкнаас намайг албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 164.1-т зааснаар банк, санхүүгийн байгууллагын аж ахуйн үйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж авсан, задруулсан хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна. Харамсалтай нь би тантай энэ амьдралдаа уулзаж байгаагүй, таныг танихгүй, тантай ямар ч холбоогүй байтал энэ асуудалд намайг буруутгах боллоо. Иймээс та хууль хяналтын байгууллагад үнэн бодит байдлыг тайлбарлаж, энэ хэрэгт намайг гэм буруугүй гэдгийг нотолж өгнө үү хэмээн таниас хичээнгүйлэн хүсье" гэсэн байна.
Захидлыг авсаны дараа УИХ-ын гишүүн Г.Уянга энэ асуудлыг шалгаж өгөхийг хүссэн хүсэлтээ гаргасан гэнэ. Мөн прокурорын байгууллагад хандана гээд үнэн зөв мэдээлэл түгээхийг сэтгүүлчдээс хүссэн юм. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ эдгээр буцалтгүй тусламж авсан гэх хүмүүс нь өмнө нь Монголбанкнаас орон сууц авсан байсан ба "Жинхэнэ хулгайч нар шалгуулалгүй үлдэж, харин гэмт хэрэгтнүүд жирийн иргэнийг шалгуулж хохироодгийн нэг жишээ энэ боллоо" гэв.
Б.Туул