Сүхбаатар аймгийн 2015 оны онцлох үйл явдал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн 2015 оны онцлох долоон үйл явдлыг нэрлэлээ.
1. 14 жилийн дараа улсын цолтой бөх төрөн гарлаа
АХ-94 жилийн үндэсний их баяр наадам бол Сүхбаатарчуудын хувьд од хийморийн жил байлаа. Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат Жавхлан бөхийн дэвжээ, их модун компанийн бөх аймгийн арслан болдбаатарын Батжаргал тав даван шөвгөрч МУ-ын начин цол хүртлээ. Улсын харцага Магалжаваас хойш 14 жил турш тасарсан улсын цолыг нутагтаан авчирч тал нутаг ард түмний баярын магнайг тэнийлгэлээ. Тэрээр улсын наадмаас хойш Даншигийн наадамд мөн тав давж даншигийн начин цол авсан юм. Тэрээр Монгол бөхийн түүхэнд нэгэн өвөрмөц амжилтын эзэн болсон бөгөөд сар хүрэхгүй хугацаанд улсын цол, даншигийн цолыг хоёуланг авсан анхны бөх, 21-р зуунд Сэцэн хан аймгаас даншигийн цол хүртсэн анхны бөх болсон юм.
2.Долоон сум тэгш ойгоо тэмдэглэлээ
2015 он бол Сүхбаатар аймгийн хувьд түүхэн ойн жил байлаа. Дарьгангын хошууны зургаан сум тэгш ойгоо тэмдэглэлээ. Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Халзан, Асгат Түвшинширээ гээд аймгаасаа насаар илүү өндөр эдгээр сумд 90 жилийнхээ ойтой золголоо. Их ойгоо угтаж сум бүр бүтээлч ажил өрнүүлж, сум орон нутгаа хөгжүүлэх тал дээр идэвхи чармайлт гарган ажиллалаа. олон сумын ой болж нутаг, өвөг дээдсийн ариун газар шороо төрсөн нутгаа зорих хол ойрын зочидын уртаас урт цуваа хөвөрсөн, дэнж хотойтол дэлгэр наадсан жил байв. Мөн ЗГ-ын тогтоолоор зүүн бүсийн хурд даншиг наадам Сүхбаатар аймагт 2 дахь удаагаан зохиогдож хурдны өлгий нутагт хурд чууллаа.
3. 3 ихэр залуу нэгэн зэрэг хуримаа хийлээ
2015 оны 11 сарын 26-ны билэгт сайн өдөр Сүхбаатар аймгийн 3 ихэр залуу нэгэн зэрэг хуримаа хийлээ. Энэ нь аймаг орон нутагт төдийгүй Монгол улсын хэмжээнд нэгэн зэрэг хуримаа хийж буй анхны 3 ихэр болж байгаагаараа түүхэнд тэмдэглэгдэн үлдэхүйц үйл явдал болж байгаа юм. Тэд бол Сүхбаатар аймагт байгаа ганц, гурван ихэр юм. Ийнхүү тэд нэгэн зэрэг гал голомтоо бадрааснаар Сүхбаатар аймгийн өрхийн тоог 3-аар нэмлээ. Онгон сумын уугуул Цэвэгсүрэн, Энхбаяр нарын гэр бүлд Өлзийжаргал, Өлзийбаатар, Өлзиймөнх нар нь 1986 оны 7 сарын 30-нд отгон хүү нар нь болон мэндэлжээ.Тэд дээрээ 3 эгчтэй бөгөөд бүгд одоогоор аймаг орон нутагтаа төрийн болон хувийн байгууллагат ажиллаж сайн сайхан амьдарч явна.
4. Хоёр сумын нутгийг хамарсан хээрийн түймэр, байгалийн гамшигт үзэгдэл
2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гарсан хээрийн түймэр Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас орж ирсэн хээрийн түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийг хамран шатаж тус сумын газар нутгийн 80 гаруй хувь нь шатаж үлэмж хэмжээний хохирол учирсан билээ. Түмэнцогт сумын 3000 орчим мал,16 айлын 24 гэр түймэрт өртсөн байгалийн томоохон гамшиг тохиолдож олон нийтийг цочроосон үйл явдал боллоо. Түүнээс хойш Дорнод аймгийн Булган сумаас гарсан түймэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хойд талын нутгийг хамран шатсан юм. 1306 мянган га газар нутаг буюу хавар намрын хоёр удаагийн түймэрт тус газар нутгийн 80 хувь нь өртөж, 4000 орчим мал, 25 айл орон гэрээн алдаж, эд хөрөнгө, сэтгэл санааны асар их хохирол амссан нь Сүхбаатар аймгийн түүх, 2015 оны хамгийн хүнд гашуун үйл явдал болсон юм. Малчид ард иргэд ядарч туйлдаж хүн хүчих цаг үед эгэл жирийн ард түмэн, ААН, олон түмнээн гэсэн сэтгэлтэй олон зуун хүнд хандив тусламжаан өргөж, халуун сэтгэлийн гараа сунган тусалж, цаг үеийн хүнд бэрхийг туулж чадсан гэдгийг онцлох хэрэгтэй билээ.
5. Сүхбаатар нутгийн унаган хүү Чингисийн одон хүртлээ
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, нэрт яруу найрагч СГЗ Гомбожавын Мэнд-Ооёо ихх эзэн чингис хааны мэндэлсэн өдөр, монгол бахархалын өдрөөр МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал- тэргүүн зэргийн одон Чингисийн одонгоор шагнагдлаа. Энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд өндөр хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд олгодог уламжлалтай. Ийнхүү Сүхбаатар нутгийн унаган хүү Чингисийн одонгийн 9 дэх эзнээр тодорлоо.
6. SB League-2015 сагсан бөмбөгийн анхдугаар лигийн тэмцээн зохион байгуулагдлаа
САОЗХТ ТББ-ын 10 жилийн ойд зориулан SB League сагсан бөмбөгийн лигийн анхдугаар тэмцээнийг спорт-эв нэгдэл-эрүүл ирээдүй уриан дор амжилттай зохион байгууллаа. Сүхбаатар аймгийн гаралтай оюутан залуучууд, ажилчдыг хамруулсан шилдэг 8 баг 3 сарын турш өрсөлдсөн юм. Тэмцээнээр дамжуулан нутгийн залуучуудыг нэгтгэх, өөр хооронд нь танилцуулах, багийн спортыг хөгжүүлэх гээд олон давуу талтай. Үнэхээр ч уг тэмцээний шимээр Сүхбаатар аймагт багийн спорт хөгжиж болдгийг тодоор харуулж чадсан юм. Одоогоос 2 жилийн өмнө байгуулагдаж байсан Сүхбаатар аймгийн шигшээ баг 2015 онд 3-хан сарын дотор аймагтаа төдийгүй улсын хэмжээнд гаргаагүй ховор амжилтыг гаргасан юм. Энэ бол 3 сар үргэлжилсэн лигийн тэмцээний үеэр байнгын бэлтгэл сургуулилт нь хангагдаж байсных, нэг баг хамт олон болж чадсаных, мөн тэднийг дэмжиж туслаж найдвартай ар тал нь болж чадах хүн байсных. Ингээд тэд лигийн тэмцээний хаалт болоод гаргасан амжилтуудлынхаа баярыг Сүхбаатарчуудтайгаа нутагтаа тэмдэглэсэн юм. Энэ үеэр мөн шишгээ багийн 7 тамирчин зэрэг спортын цол гардан авсан нь мөн л Сүхбаатар аймгийн спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал болсон юм.
7. Сүхбаатар аймгийн ууган сургууль 90 жилийн ойгоо тэмдэглэлээ
Эх орныхоо хойч үеийнхэнд эрдэм номын амт шимтийг мэдрүүлэн билгийн нүдийг нээх ариун мөртэй, алдар хүндтэй их үйлсийн төлөө тэртээх 1925 оноос улсын хэмжээний ууган сургуулиудтай зүтгэж эхэлсэн Д. Сүхбаатарын нэрэмжит 1-р бүрэн дунд сургууль маань 90 насныхаа ойтой энэ онд золгосон юм. 2015 оны байдлаар тус сургуулийг төгсөгчдийн тоо 11000-д хүрч, түмэн төгсөгчтэй боллоо. Манай сургуулийг төгсөгчдөөс Монгол Улсын хөдөлмөрийн баатар 1, төрийн шагналтан 7, ардын багш 1, ардын зураач 1, салбарын гавъяат 39, доктор 95 төрөн гараад байна. Төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойд үе үеийн багш, ажилтан ажиллагсад төгсөгчдийн төлөөлөл 1000 гаруй хүн хүрэлцэн ирж оролцсон юм.
Т. Одончимэг