Б.Хөхөө: Нэг модноос дунджаар15 кг чацаргана хураан авч байна

ОРОН НУТАГТ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-04 13:29:58

Улсын тэргүүний “Хэт цах” хоршооны дарга бөгөөд Улсын тэргүүний тариаланч Бандийн Хөхөөтэй ярилцлаа. “Хэт цах” хоршоог гүйцэх хэмжээний арвин ургац авдаг чацарганы талбайтай аж ахуйн нэгж Увс аймагт байхгүй гэвэл худлаа болохгүй. Нэг модноос дунджаар 15-16 кг чацаргана хураадаг гэхээр ямархан их хөдөлмөр зарж энэ хэмжээнд хүрсэн нь тодорхой биз ээ.

-Танай хоршоо чацарганы тариалалтаараа аймагтаа тэргүүлж байна. Тэгэхээр ямар арчилгаа тордолт хийснээс болж ургац арвин авч байна вэ?

-Одоо манайх нэг модноос дунджаар 15 кг жимс авч байна. Уг нь бол чацарганы нэг модноос 7-8 кг орчим жимс хурааж авдаг байсан. Мод үржүүлгийн ажил хийдэг учраас ингэж бага ургац авч байлаа. Ирэх жилийн ургацыг нь хайчлаад авчихаар зэрэг 50 хувь нь устах нь ойлгомжтой шүү дээ. Мод үржүүлгээ зогсоогоод жимсээ голчилвол арвин ургац авах нь мэдээж. Манайх 500 модноос энэ жил 8,4 тн жимс хурааж авсан. “Тэсо” компанид 10 тн чацаргана нийлүүлсэн бөгөөд жил бүрийн намар гэрээгээр  жимс нийлүүлж байгаа. Өнгөрсөн жил манайх 6,7 тн жимс хурааж авсан. Чацарганы модыг тарингуут амин тариа өгөх хэрэгтэй. Амин тариа гэдэг нь тарьсан дороо услана гэсэн үг.

Манайх 6х20-ын хоёр хүлэмж, таваарын нэг хүлэмжинд мод үржүүлдэг. Жилдээ 60-80 мянган ширхэг чацарганы суулгац бэлдэж байна. Улаангом болон улсын хэмжээнд чацаргана, үхрийн нүдний суулгац, бургас, гоёлын модны үржүүлэг хийж зах зээлд нийлүүлж байгаа. Төр засаг дэмжээд өгвөл манай хоршоонд урагшлах боломж их бий. Чацарганы цехийн  зориулалтаар 13х13 харьцаатай хоёр давхар барилга барьж байна. Мөн хөлдөөгч зоорь хийсэн, энэ маань ажилд орвол 50 тн жимс хадгалах боломжтой болох юм. Одоогоор 8-10 тонны багтаамжтай жижиг оврын 380-ын хөлдөөгч ашиглаж байна. Зөвхөн чацарганы гэлтгүй бусад төрлийн жимс жимсгэний, эмийн ургамлын бүтээгдэхүүн хийхээр олон жил судлаж, технологийг нь бэлдсэн. Технологийг нь бэлдэнэ гэдэг ажлын 50 хувь нь байдаг юм. Үүнээс гадна манай хоршоо мэргэжлийн технологич, инженер, эдийн засагч, менежер, агрономич, хоолны технологи инженер гээд боловсон хүчнээ бүрэн бэлдсэн. Гэвч тэр хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байгаа нь харамсалтай. Зах зээлийн энэ их давалгаанд унаж босоод л явж байна даа.

-Чацарганыг хэдийд түүх нь зөв юм бэ?

-Өвөл түүхээр тослог чанар сайжирдаг, жимсний амт агь нь суудаг гэж хүмүүс ярьдаг. Би үүний эсрэг байдаг. Өвөл болохоор жимс давжаарч,  хувийн жингээ алддаг, бас шувуу тал хувийг нь иддэг. Өвөл болоод ирэхээр жимсний шүүслэг чанар, тос алдагдаж, үндсэн эх мод руугаа буцаж зарцуулагддаг юм. Үүнийг хүмүүс ойлгохгүй байна. Намар түүх нь илүү үр дүнтэй. Жимс  давжаараад байна гэдэг чинь гадагшаа ууршдаггүй, эх мод руугаа үр шимээ зарцуулж байна гэсэн үг.

Манай хоршоо энэ намар гишүүдээсээ гадна 100-150 хүнийг 20 хоног түр ажлын байраар хангаж, нэг кг жимсийг 700 төгрөгөөр түүлгэсэн. Нэг өдөртөө гэр бүлээрээ 100 мянган төгрөгийн жимс түүсэн хүмүүс цөөнгүй бий.

Чацарганы мод маань өргөс байхгүй, тийм ч өндөр биш болохоор манай жимсийг түүхэд амархан.

Чацаргана боловсруулахдаа зөвхөн тос, шүүс гаргаад зогсох биш эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Ялангуяа ногоон навчийг  нь ч гэсэн ашиглах нь зүйтэй.

Чацарганаар чихэр, боов, зайрмаг, торт хийх боломжтой. Хүн өдөрт 6-7 ш чацаргана идэхэд хэрэгцээт амин дэмээ бүрэн хангадаг гэдгийг шинжлэх ухаан тогтоочихсон байдаг.  

-Чацарганы хортон шавьжийг устгах талаар таныг мэргэшсэн гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Эрдэмтэн Б.Чулуунжав, Д.Алтанчимэг нарын хүмүүстэй хортон шавьжийн талаар хамтран ажиллаж, байшин дотор авгалдай үржүүлэхийг өөрийн нүдээр харсан тул бодит байдал дээр туршиж үзсэн. Чацарганы хар үр шиг хэмжээтэй нэг авгалдай талбайн хөрсөнд орж өвөлжөөд хавар нь гарч ирэхдээ 50-70 ш авгалдай төрүүлдэг. Нэг ширхэг авгалдайгаас замбараагүй олон жимсний ялаа гарахаар зэрэг ургац алдах нь ойлгомжтой шүү дээ. Иймээс талбай дээрээ 5 ширхэг варений шил  энд тэнд байрлуулж, ажиглалт хийсэн. Авгалдай үүрлэсэн газар олж, хоёр хуруу хөрс, нэг хуруу өвсөнд варений шилээ байршуулаад нэг талыг нь ил, нөгөө талыг нь далд оруулан булж, ялаа гарч нисэхээргүйгээр шилээ шөвгөөр нүхлэсэн. Хавраас эхлээд талбай доторх 5 шилээ ажиглаад явна. Шилний захад байсан нөхөр чинь байж байгаад алга болчихдог. Тэгснээ өвсөн дотроос нүдэнд үл үзэгдэх юм бургаж байгаа юм. Сүүлдээ жигүүр, сахал, ам ургаад нөгөөх саван дотроо нисээд эхлэдэг. Тэгэхээр нь зэрэг гадна, дотно дулааныг хэмжиж үзээд хэзээ нисэх хугацааг нь тогтоодог. Таван цэгээс бүгд нисээд гараад ирэх болсон тэр үед л амжиж хороо цацахаар шавьжийг амжилттай устгаж чаддаг юм. Үндсэндээ бие нь арай төлжиж  амжаагүй, нялх байхад нь устгаад авчихдаг. Гэхдээ 14-16 хоногийн дараа хоёр дахь үе шатын дэгдэлт болдог. Нэгэнт эхнийхийг нь мэдээд авчихсан юм чинь, дараа, дараагийн үе шатууд бол асуудал биш. Гурав дахь үе шат нь мөн 14-16 хоногийн дараа болдог.

Нэгдсэн үйл ажиллагаа, бодлого, систем байхгүйгээс Увсчууд жимсээ хортон шавьжид өгөөд байгаа. Хэрвээ тэр хугацаанд бүх хүн талбайдаа хор цацвал шавьжинд манай аймгийнхан жимсээ өгөхгүй. Сүүлийн үед шар цаас гээд нэг юм гараад ирчихсэн байна лээ. Гэхдээ энэ бол баталгаатай биш, варений шилэнд ажиглалт хийсэн нь илүү дээр гэж хэлмээр байна. Агрономич охинтойгоо хамтраад ажиглалт хийсний хүчинд сүүлийн хоёр жил нэг ч жимс шавьжинд өгөлгүйгээр хурааж авч чадсан.

-Танай хоршооны “Агро парк” юунаас болоод шатчихсан юм вэ?

-Арван жил хийсэн хөдөлмөр маань устаж, санаж бодож явсан зүйлс минь зогсонги байдалд орсон. 2014 онд шатсанаас хойш цагдаа, прокурор хоёрын дунд шийдэгдэлгүй 2 жил орчим явж байна. Галын комисс ирж үзээд акт дүгнэлтээ гаргаж, 3266 ш мод шатсан гэж тогтоосон. Жигд, бургас модыг оруулаагүй, зөвхөн жимсний модыг оруулж тооцсон юм. 2012-2015 оны хугацаанд 4 жилийн ургац гээд жишээд бодоод үзэхээр 350-иад сая төгрөгийн хохирол амссан.  Энэ жил түүнийгээ 30-аад сая төгрөг зарж байж босгож авлаа.

-Улсын тэргүүний хоршоогоор хэзээ шалгарч байв?

-2008 онд “Улсын тэргүүний хоршоо”, 2010 онд “Улсын шилдэг хоршоо” болсон. Баруун бүсийн түншлэл үзэсгэлэн худалдаанаас Гран при шагнал хүртэж байлаа. Ховд аймгаас мөнгө, Баян-Өлгий аймгаас алтан медаль хүртсэн.

2010 онд Улаанбаатар хотноо “Намрын ногоон өдөр”-үүдэд эхнэр бид хоёр оролцож, 5 тн жимс, 6000 ширхэг чацарганы суулгац борлуулсан юм. Тэр үед Хөдөө аж ахуйн яамны хүмүүс манай хоршоог “Улсын Шилдэг хоршоо”-гоор шалгаруулж өргөмжлөл, 400 мянган төгрөгөөр шагнасан. Мөн бүтээгдэхүүнээ зарж борлуулсан лангууны мөнгө болон хот хооронд ирж очих унааны зардлыг шийдэж өгсөн. “Намрын ногоон өдөр”-ээр манай хоршооны жимс, суулгац маш сайн борлож байсан нь яамныхны анхаарлыг татсан юм байна лээ. Санамсаргүй явж байгаад маш том шагнал хүртсэн юм.

Миний хувьд гэвэл шагнал олон, онцлоод хэлэх юм бол “Улсын тэргүүний тариаланч”, “Онц тээвэрчин”, “Байгаль орчны тэргүүний ажилтан”, хоршоологчдын болон хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан зэрэг шагналтай. Олон шавь төрүүлснээрээ бахархаж явдаг.

-Сүүлчийн мөчийг танд үлдээе?

-Дээр үед Улаантолгойн жимсний станцын хажуугаар засмал замаар явахаар чацаргана үнэртдэг байж билээ. Би хувьдаа Бортолгой хүртэл явахаар тийм болгоё, байгаль орчноо ногооруулъя, эко орчин бүрдүүлье, Цагаан аралыг ойжуулъя гэж бодож явдаг. Улаангомд тоос шороо, хөө тортог, хүлэмжийн хий ихдэж байна. Мод тарьж агаараа цэвэршүүлмээр байна. Нэг мод жилд 2 сая орчим төгрөгний хүчилтөрөгч ялгаруулж, ус чийг хадгалж, хөрсний элэгдлийг бууруулдаг гэсэн тооцоо байдаг.  Монголын нутаг нэг хүнд ногдох хуурай газрын хэмжээгээрээ  асар их. Алт ухаж байгаль орчноо доройтуулж байхын оронд хүн бүр чацаргана тариалаад ахуй амьдралаа босгомоор байна. Монгол хүн ядуу, өртэй байх ёсгүй.

Энэ хугацаанд манай хоршоо 900 гаруй мянган мод тарьсан байна. Үхрийн нүдний нэг бутнаас 3-5 кг жимс авдаг. Чацарганы нас гүйцсэн модноос 29 кг, бага залуу модноос 5-аас доошгүй кг жимс хураан авч байна. Чацарганы мод идэвхтэй ургаж байхдаа 25 жил жимс өгдөг бол буурсан үедээ 15 жил жимс өгдөг. Харин үрхийн нүд 7-8 жил идэвхтэй жимс өгдөг.

  Аливаад сэтгэлээсээ хандаж, итгэлтэй, тууштай ажиллаж, уйгагүй хөдөлмөрлөж байж үр дүнд хүрнэ шүү гэж залуучууддаа хандаж хэлэх байна.

 Увсчууддаа шинэ жилийн баярын мэнд хүргэе.

-Танд баярлалаа.

Б.Хөхөө гуайн уйгагүй хөдөлмөр гэдэг үгний цаана ямар их ажил ундардагийг бид гүйцэд тунгааж үзмээр санагдлаа. Тухайлбал мод нэг бүртэйгээ жилд хэд хэдэн удаа тулж ажиллаж, үхэж хатсан салаа мөчрийг нь цэвэрлэх, ероолын хөрсийг нь сийрүүлэх, мөчир салааг нь хэлбэршүүлэх, залуужуулах тайралт, таналт хийх, зарим эм модонд эр модны мөчир залгаж ургуулах, ус бордоог нь тохируулах, хөгжим сонсгох, өвчин хортонтой нь тэмцэх, цас тогтоох гээд жилийн дөрвөн улирлын турш байнга арчилдаг байна. Зарим хүмүүс хавар тариалаад, зун нь ганц нэг услаад намар нь арвин ургац авах тухай мөрөөддөг нь жимс тарьдаг хүний хийх ажил биш юм байна гэж бодогдсоныг нуух юун.

Чин сэтгэлээсээ уг ажилдаа “дурласан”, судлаач, ажигч гярхай, овсгоо самбаатай, мэдлэг чадвартай хүн л өөрийнхөө зорьсон ажлаа төгс хийж чаддаг юмуу даа. Жимс тарих ажлыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байгаа жимсчин бол Бандийн Хөхөө гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ