Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах асуудлыг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-01-12 11:05:04

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг сонсох, шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч С.Одонтуяа гишүүн горимын санал гаргаснаар тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.

С.Одонтуяа гишүүн, “Нийтийн сонсголын тухай хуулийн сонсгол зохион байгуулах дэгийн журам батлагдаагүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахдаа ямар дэгээр, хэрхэн зохион байгуулах нь тодорхойгүй байгаа тул уг асуудлыг хойшлуулах саналтай байна” гэлээ.

Харин байнгын хорооны дарга О.Баасанхүү, “Эрүүл мэндийн салбартай холбоотой 400 гаруй санал ирсэн тул Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах тухай асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай” хэмээв.

Ийнхүү С.Одонтуяа гишүүний гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75 хувь дэмжсэнээр Нийтийн сонсголын тухай хуулийн сонсгол зохион байгуулах дэгийн журам батлагдах хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ