Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгох чуулган эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Нийт шүүгчийн III чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Шүүх
засаглал нь нийгэмд шударга ёс тогтоох, түүнийг бэхжүүлэх нэн чухал институц
төдийгүй хууль тогтоох, гүйцэтгэх засаглалтай эн чацуу, харилцан тэнцвэртэй
ажиллах учиртай ардчилсан засаглалын нэгэн чухал тулгуур юм. Өнгөрсөн хугацаанд
шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор Үндсэн хуульд
2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2021 онд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн
баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл явцыг анхааралтай
ажиглаж, бодлогын түвшинд ямагт дэмжсээр ирсэн” хэмээн онцолсон юм.
Ерөнхийлөгч цааш хэлэхдээ, “Энэ удаагийн нийт шүүгчийн
чуулганы гол онцлог нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгох нэн
чухал хариуцлагатай сонгуулийг зохион байгуулна. Цаашид шинээр сонгогдох
Ерөнхий зөвлөлийн гишүүд шүүхийн шинэтгэлийн үйл явц, бодлогын залгамж чанар, ололт
амжилтыг үргэлжлүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй хэрэгжүүлнэ гэдэгт
итгэл дүүрэн байна” хэмээн тэмдэглэв.
Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, "Тогтолцооны
шинэтгэлээс чанарын дэвшил рүү" сэдэвт илтгэлдээ “Шүүхийн үйл ажиллагааны чанар,
үр нөлөөг дээшлүүлэхэд шүүгчийн ачаалал хэтрээгүй, төсөв нь шүүн таслан
ажиллагааны онцлогт тохирсон, хүрэлцээтэй байх шаардлагатай. Гэтэл нийт шүүгчийн II чуулганы
үеэр хөндөгдөж байсан сул орон тоог одоо ч нөхөн бүрдүүлж чадаагүй хэвээр байна. Харин ч
эсрэгээрээ ачаалал улам нэмэгдсээр байна. 2016 онд 520 шүүгч ажиллаж байсан бол
өнөөдөр 516 шүүгч ажиллаж байна. Тэдгээр шүүгчдийн ажлын ачааллыг 10 жилийн дунджаар авч
үзвэл, эрүүгийн хэрэг 130 хувиар, зөрчлийн хэрэг 143 хувиар, иргэний хэрэг 117
хувиар, захиргааны хэрэг 106 хувиар өссөн байгаа нь бодит байдлыг харуулж байна” хэмээв.
Энэ удаагийн чуулганаар хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулах, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал, шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, шүүгчийн эрх ашгийг хамгаалах, сахилга хариуцлагыг сайжруулах зэрэг дөрвөн үндсэн агуулгын хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийх юм. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох сонгуулийг зохион байгуулах бөгөөд анхан шатны шүүхээс 8, давж заалдах шатны шүүхээс 6, хяналтын шатны шүүхээс нэг нийт 15 шүүгч нэрээ дэвшүүлээд байна.
Шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдааныг хоёр жил тутамд
зохион байгуулахаар заасны дагуу тус чуулганыг зохион байгуулж буй. Чуулганд
75 шүүхээс 516 шүүгч цахим болон танхимаар оролцож байгаа ба хуралдаан
даргалагчаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт, дэд
даргалагчаар Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг нар ажиллаж байгаа юм.