Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-01-12 17:59:28

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Засгийн газарт чиглэл өгөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Өргөдлийн байнгын хороонд Баянхонгор, Дорноговь аймгийн 54 иргэнээс уул уурхайн компаниуд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлдэггүй, нутгийн иргэдийн саналыг авахгүйгээр тусгай зөвшөөрөл олгодог, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нутгийн иргэдийг хангалттай бүрэн мэдээллээр хангахгүй байна гэсэн өргөдөл ирүүлжээ.

Үүний дагуу УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаад иржээ. Ажлын хэсгээс Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдээс ирүүлсэн өргдөлд тусгасан заалтуудыг нарийвчилан тусгах шаардлагатай хэмэн үзсэн байна.

Хуралдааны үеэр байнгын хорооны дарга О.Баасанхүү Хууль бус лиценз хичнээн байдаг талаар тодруулсан. уг асуултад Уул уурхайн сайд Р.Жигжид хууль бус тусгай зөвшөөрөл олгогдоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье хэмээн хариулав.

Ийнхүү санал хураалт явуулахад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэн юм.

Холбоотой мэдээ