Зургаан чоно хураан авч 6 сая 900 мянгаар торгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-13 13:46:42

НМХГ хууль бус ан агнахаас урьдчилан сэргийлэх хяналтыг жилийн турш хийдэг. Хяналт хийх явцдаа гарсан зөрчлийн талаар өнөөдөр өөрийн байрандаа мэдээлэл хийв.

Он гарсны дараахан Нийслэлийн МХГ-ын шалгалтаар Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б нь худалдан борлуулах зорилгоор зохих гарал үүслийн бичиггүй хот руу оруулж ирсэн 6 чоно хадгалж байсныг илрүүлсэн байна. Түүний гурав нь эм, гурав нь эр бөгөөд 16 дугаар хорооны Орхоны 6-18 тоот хашаанд нуусныг илрүүлэн хурааж, 6 сая 900 мянган төгрөгөөр торгожээ. Дээрх чоныг сэтгүүлчдэд үзүүлэн иймэрхүү зөрчил гаргасан иргэдээс мэдээлэл авахаас гадна нуун дарагдуулсан бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ албаныхан мэдэгдлээ. Хуулиар бол Монгол Улсын "Амьтны тухай хууль"-ийн дагуу тусгай зөвшөөрөл авалгүй ховор болон бусад ан амьтан агнах, барих, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, нуун хадгалах зэрэг зөрчил гаргавал агнасан, худалдсан ан амьтан, түүхий эдийг хураан авч, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тус тус торгодог байна. 

Ж.Батсайхан

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ