Нийгэмд идээшиж чадаагүйгээс дахин хэрэг үйлдсэн гэв

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-01-14 11:17:47

Өршөөлийн хуулиар суллагдсан ч дахин гэмт хэрэг үйлдээд зугтсан иргэн Г-г Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн эрэн сурвалжилж хоёр хоногийн өмнө баривчилжээ.

Иргэн Г нь өмнө гэмт хэрэг үйлдэн 10 жилийн ял сонссон ч ялын хугацаа хараахан дуусаагүй байхдаа өршөөлөөр суллагджээ. Гэвч өнгөрсөн оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө бусдыг хүчирхийлж, эд зүйлийг нь дээрэмдээд зугтжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах орон сууцны хоёрдугаар давхарт оршин суух айлын тагтаар дамжин орж, хохирогч эмэгтэйд хутга тулган айлгаж сүрдүүлэн хүчирхийлэн, гэрт байсан эд зүйлсийг дээрэмдэн явжээ. Иргэн Г суллагдсанаасаа хойш 20 гаруй хэрэг үйлдсэнээ хүлээгээд байна.   Г-ийн аав ээж, ах дүүс нь байдаг ч “Би энэ нийгэмд идээшиж амьдарч чадахгүйгээс бушуухан буцаад шоронд орохын тулд хэрэг үйлдсэн” хэмээн мэдүүлжээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ