“Шинэ төмөр зам” төсөлд ажиллах 2601 цэргийг бэлтгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-14 14:25:02

Засгийн газраас баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт өчигдөр буюу энэ сарын 13-нд Налайх дахь МСҮТ-д албан ёсоор эхэлллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд ”Батлан хамгаалах бодлогын хүрээнд цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах арга хэмжээ авах” зорилт тусгасан. Энэ дагуу 2013 онд “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Зэвсэгт хүчний үндсэн болон тайван цагийн үүрэг гүйцэтгэх чадвар, бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр улс орны томоохон бүтээн байгуулалтын ажилд цэргийн алба хаагчдыг оролцуулахдаа тэднийг шаардлагатай мэргэжлээр сургаж, дадлагажуулах үүргийг Хөдөлмөрийн яам хүлээсэн юм.

Бүтээн байгуулалтын томоохон ажил “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд цэргийн албан хаагчдыг хэрэгцээт мэргэжлээр мэргэжил эзэмшүүлэхэд Хөдөлмөрийн яамны харьяа мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд бэлэн байна хэмээн хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан сургалтын нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Энэ удаагийн сургалтаар “Тавантолгой-Сайншандын чиглэлийн төмөр замыг барихад нэн шаардлагатай хүнд машин механизмын оператор, хүнд машин механизмын засварчин, бетон арматурчин, жолооч, мэргэшсэн жолооч гэсэн таван мэргэжлээр 2601  цэрэг бэлтгэхээр БХЯ- тохирсон” гэлээ.

“Монголын төмөр зам” компаниас Тавантолгой-Сайншандын чиглэлийн 428 км төмөр замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай найман мэргэжлээр 3362 хүний захиалга ирүүлсэн байна. Үүнээс техникчийн түвшний 216 мэргэжилтэй ажилтны захиалгыг төгсөгчдөөс шийдвэрлэх, 545 туслах ажилтныг мэргэшүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ