Залуус ахмадууддаа сар шинийн идээ бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-14 17:58:13

Нэг байгууллагад хамтран ажилладаг залуучууд цалингаасаа хандив босгож, амьжиргааны баталгаажих түвшин доогуур өрхийн ахмад настанд тусалжээ. Тэд сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан ахмадууддаа баярын иж бүрэн идээ бэлдэж өгсөн байна.

Х.Эрхэмсайхан, Т. Мөнх-Эрдэнэ, С.Нэмэхбаяр нар Дундговь аймаг дахь Цахилгаан түгээх сүлжээний Мандалговь дэд станцын ээлжийн инженер, монтёроор ажилладаг. Тэд ганц бие, хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны түвшин доогуур амьдралтай ахмад настан, хүүхдүүдэд тусладаг байхаар санаа нэгтгэжээ.

Эхний удаад цалингаасаа хөрөнгө босгож сайн үйлсээ эхлүүлсэн бол цаашид адил санаа зорилготой залуучуудыг эгнээндээ нэгтгэн өргөжүүлж, хүмүүнлэгийн сайн дурын баг үүсгэх зорилготойгоо тэд хэллээ.

Залуус Сайнцагаан сумын 3-р багийн гурван ахмадад сар шинийн идээ бэлэглэсэн бөгөөд “Амьддаа бие биеэ хайрлая” хэмээх яруу найрагч О.Дашбалбар агсны шүлгийг сайн үйлсийнхээ уриа болгожээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ