"Лалын улс" 100 гаруй хүнийг хөнөөж, 400 орчим хүнийг барьцаалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-18 08:54:44

ДАМАСК. /NHK/. “Лалын улс” бүлэглэлийн босогчид Засгийн газрын хяналтад байгаа нутагт халдаж, 100 гаруй хүний амийг хөнөөж, хэдэн зуун хүнийг барьцаалсан байна гэж Сирийн иргэний дайныг ажиглагч байгууллага мэдэгдэв.

Босогчид бямба гарагт Сирийн зүүн нутгийн Дайр-эз-Заур хотод халдаж, наад зах нь 135 хүнийг, тэр дундаа, Засгийн газрыг дэмжигч цэргүүд болон тэдний гэр бүлийг хөнөөсөн байна гэж Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн байдлыг ажиглагч байгууллага тайландаа дурджээ.

Мөн босогчид тус хотын 400 орчим иргэнийг барьцаалж, Сирийн хойд нутгийн Ракка хот руу явсан байна гэж мэдэгдэв. Ракка хот нь “Лалын улс” бүлэглэлийн түшиц газруудын нэг билээ.

Өөрсдийгөө халифт улсаар зарлан тунхагласан 2014 оны зургадугаар сараас хойш “Лалын улс” бүлэглэл 2000 гаруй сирийг цаазалжээ.

Барьцаалагдсан иргэд мөн цаазлуулж болзошгүй гэж хүний эрхийн төлөө байгууллага түгшиж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ