ДОРНОД: Буриад өв соёлын музей 700 гаруй үзмэртэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-12-02 18:05:56

Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ноднин зун Дорнод аймгийн Дашбалбар суманд үүдээ нээсэн Буриад өв соёлын музей 700-гаад үзмэртэй. Археологийн олдворууд, буриад айлын удам дамжин эдэлж хэрэглэж ирсэн ахуйн эдлэлүүд, Дашбалбар сумаас төрөн гарсан уран бүтээлчдийн булан гэхчлэн дурдаж болно. Тухайлбал, ардын зураач Г.Одон, зураач П.Мэлс, гэрэл зурагчин Б.Батцэрэн нарын эх бүтээлүүд энэ музейд хадгалагдаж байна.


Музейн гадна талд буриадын 11 овгийн туг, бэлгэдлийг дүрсэлсэн нь архитектурын хувьд өвөрмөц шийдэл болжээ. Буриад өв соёл судлалынх гэдгээрээ дэлхийд анхдагч болж байгаа энэ музейг цаашид олон улсад тархан суурьшсан буриад үндэсний өв соёлын төв болгохоор зорьж байгаа юм.  


Сонирхуулахад, Дашбалбар сумаас БНМАУ-ын нам, төрийн зүтгэлтэн, МАХН-ын Улс төрийн Товчооны гишүүн, СнЗ-ийн орлогч дарга асан Д.Майдар, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг, Монгол Улсын ардын зураач Г.Одон, МУАЖ, профессор Д.Жаргалсайхан зэрэг олон алдартан төрөн гарсан байдаг. 

Холбоотой мэдээ