“Биокомбинат”-ийг шинэчлэх 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-20 13:52:01

Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Биокомбинат” ТӨҮГ-ыг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ. 

Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээрээр 1973 онд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжаар байгуулсан “Биокомбинат” ТӨҮГ-ыг шинэчлэх төслийг 25 сая ам.долларын  хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан аж. Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа 17.5 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, жилийн 0 хувийн хүүтэй юм байна.

Энэ төслийг 2010 оноос хэрэгжүүлж эхлэх байсан ч тухайн үед сонгон шалгаруулалтад шалгарсан компани нь заасан хугацаанд тендерийн урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа ирүүлж чадаагүйн улмаас тендер хүчингүй болж байсан юм.

Тиймээс өнгөрөгч оны 9 дүгээр сард хоёр улсын Засгийн газар дахин хэлэлцэж, өмнөх нөхцлөөр дахин хэрэгжүүлэхээр болсон юм. Энэ төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүд 100 хувь дэмжсэн учир байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 

Н.Туяа

Холбоотой мэдээ