Ардын уран зохиолч С.Дашдооровыг эргэн дурсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-20 16:10:55

“Говийн өндөр” роман, “Өндөр ээж” тууж, “Хойтон жилийн наадам “шүлэг, “Монгол” найраглал, “Бууж мордох хорвоо” өгүүллэг, “Нар хиртсэн жил” кино зэрэг Монголын урлаг, уран зохиолын ертөнцөд сонгодог бүтээлийг туурвиж бүтээсэн Ардын уран зохиолч, Төрийн шагналт, зохиолч С.Дашдооровын мэндэлсний 80 насны ой тохиож байна.

Ойд зориулсан “С.Дашдооровыг дурсахуй” дурсамж өдөрлөгийг өнөөдөр СУИС-ийн “Оюутан” театрт С.Дашдооров судлал төв, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутгийн зөвлөл хамтран зохион байгуулав.

Зохиолч С.Дашдооровын охин Д.Маралгоо хэлэхдээ, “Миний аав Монголын уран зохиолын бүхий л төрөл жанраар бичиж, тэр бүрдээ олны таашаал хүртдэг цөөн зохиолчийн нэг байсан. Шүлэг, найраглал, тууж, роман, өгүүллэг, жүжиг, кино, дуурь, хүүхдийн зохиол зэрэг бүх төрөлд түүртэлгүй авьяас билгээ шавхан ажилладаг байлаа. Тухайлбал “Мартагдашгүй намар” киноны “Анхны хайрын дуу”, “Говийн өндөр” роман, “Бууж мордох хорвоо”, “Үрт амьтан” өгүүллэг, “Нар хиртсэн жил” кино, “Хүлэг” найраглал, “Амарсанаа” дуурь, “Шуурганаар төрөгсөд” жүжиг гэхчлэн аавынхаа бичсэн зохиолуудаар бид бахархдаг. Үнэхээр л зохиол бичих гэж хорвоод буугаад мордсон хүн гэж бодож явдаг. Аав маань хүүхдэд маш хайртай хүн байсан” хэмээн дурсамжаа хуваалцав.

2015 оны 11 дүгээр сард үр хүүхдүүд нь С.Дашдооров судлал төвийг байгуулж, МЗЭ, Дундговь аймаг болон Дэлгэрхангай сумын нутгийн зөвлөлтэй хамтран 80 жилийн ойн хүрээнд С.Дашдооровын уран бүтээлийн шүүмжийн анхдугаар уралдаан зарлажээ. Тэрбээр Монголын болон дэлхийн уран зохиолын сан хөмрөгт ямар хувь нэмэр оруулсан, монголын уран зохиолын хөгжилд ямар шинэчлэлт авчирсан, монгол хэл хийгээд уран зохиол бүтээх бичлэг, сэтгэлгээний онцлог, үгсийн сан, монгол ахуй, монгол хүн, тэр дундаа нүүдэлч малчин ахуйн талаар дэлхийн уран зохиолд оруулсан хувь нэмэр, ямар бүтээл туурвисан зэргийг судалж таниулах зорилгоор зохион байгуулж, анхдугаар ботийг нь эмхэтгэн гаргажээ. Энэ нь сүүлийн 20-иод жилд гарч байгаагүй шүүмжийн эмхэтгэл ном болсноороо онцлогтой.

Энэ үеэр шүүмжийн уралдаанд шалгарсан бүтээлүүдэд шагнал гардуулсан юм. Тэргүүн байрыг СУИС-ийн багш Х.Чойдогжамц “Зохиолч С.Дашдооровын бүтээлүүдэд шинээр хандахуй”, хоёрдугаар байрт Авгаржин Жа. Баяраа “Мандах нарын наагуурх манан хэзээ арилах вэ”, гуравдугаар байрт  П. Батхуяг “Найман түм дөрвөн мянган шалтгаан буюу бууж мордох хорвоо”, МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Т.Доржсүрэн “Сормууниршийн Дашдооровын “Хүлэг” найраглалын тухай өгүүлэх минь”, Д.Нацагдоржийн нэрэмжит хүүхдийн зохиолч О.Сундуй “Сэргэлэн багачууд” сэтгэлд хоногшихын учир” шүүмжээрээ тус тус шалгарав.

Түүний үр хүүхдүүд нь өнгөрсөн онд аавынхаа роман, тууж, өгүүллэг, шүлэг найраглалын гурван ботийг эмхэтгэн гаргаж уншигчдын хүртээл болгожээ. Мөн төрсөн нутаг Дэлгэрхангай сумын С.Дашдооровын нэрэмжит ерөнхий боловсролын дунд сургуулийн номын санд гадаад хэлний ном сурах бичиг хандивлаж, Шинэ Монгол сургуультай хамтран ажиллах эхлэлийг тавьж, тус сургуулийн үйл ажиллагааг дэмжин ажиллах эхлэлээ тавьжээ.

Түүнчлэн аавынхаа хөшөө, цэцэрлэгийг байгуулах, гадаад хэлээр зохиол бүтээлийг нь хэвлүүлэхээр төлөвлөсөн аж.

Өдөрлөгт Ардын уран зохиолч Т.Галсан, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Б.Догмид, Төрийн шагналт, СГЗ Д.Батбаяр, Д.Нямаа СГЗ Х.Зандраабайды, Б.Монголхүү, Ж.Нэргүй, МЗЭ-ийн дарга Г.Мөнхцэцэг болон эрдэмтэн зохиолчид, зохиолчийн үр хүүхдүүд, оюутан залуус оролцсон юм.

 

Ж.Болор

Холбоотой мэдээ