"Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн"-ийнхөн Шүүхэд нэхэмжлэл гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-20 16:28:27

"Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн" ТББ-ын удирдлагууд өнөөдөр МҮЭХ-ны хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааа талаар мэдээлэв.

Тус хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр ярихдаа "2011 оноос эхэлж бид "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийг УИХ баталж, Монгол Улсын Дээд шүүх тогтоол гаргахаас эхэлж зөрчлийг нь арилгуулахаар хөөцөлдсөөр өнөөдрийг хүрлээ. УИХ, Дээд шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар одоо болтол дагаж мөрдөхгүй байна. Бид аргаа бараад дээрх анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм" гэв.

Сэтгүүлчдэд нэлээд зузаан бичиг цаас бүхий "заргын бичиг" өгсөн. Түүнээс нь уншиж үзэхэд, Засгийн газар Дээд шүүхийн тогтоолыг биелүүлээгүй тул нэхэмжлэгч "Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн" шүүхийн тогтоолыг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяад 2012 оны 2 дугаар сарын 7-нд өгсөн, уг шүүгчийн албадан гүйцэтгүүлэх шийдвэрийг ШШГЕГ болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар дэмжиж улмаар тухайн үеийн Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт хүрчээ. Энэхүү зарга нь явсаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед дамжсан ч шийдэгдээгүй тул Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагааг Иргэн Г.Уянга Үндсэн хуулийн цэцэд хандан өргөдөл гаргажээ. Гэтэл ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго "Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай" тогтоол гаргасан байна. Иргэн Г.Уянгын өмгөөлөгч Б.Бэхбат ҮХЦ-д тайлбар гаргахыг хүссэн  ч бас л  өнөөдрийг хүртэл хариугүй сунжирчээ. Тиймээс дээрх хөдөлгөөнийхөн БОНХАЖЯ болон АМГ-ын дэмжих бичгийг хавсарган Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад байгаа юм байна.Урт нэртэй хуулийн эсрэг зарга ийнхүү урт хугацаа дамжсаар өнөөдрийг хүрсэн байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ