Олимпийн дэвжээнд хүч үзэх жүдочид ирэх 6 дугаар сард тодорно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2016-01-22 12:00:53

Бразил улсын нийслэлд болох зуны “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авсан дэлхийн улс орны жүдочдыг ирэх зургадугаар сард албан ёсоор зарлана.

Монголын жүдочдын хувьд эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох зорилт дэвшүүлээд байгаа юм. Өнөөдөр Кубын Гавана хотод Олон улсын жүдо бөхийн холбооны төлөвлөгөөний дагуу “Гран при-Гавана-2016” олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн тэмцээн эхэлнэ. Энэ ням гарагт өндөрлөх уг тэмцээнд оролцохоор 400 гаруй тамирчин бүртгүүлжээ.

Манай улсаас есөн жүдоч хүч үзнэ. Тодруулбал, эрэгтэйчүүдээс Ц.Цогтбаатар (60 кг), Г.Одбаяр (73 кг), Н.Дагвасүрэн (81 кг), О.Ууганбаяр (81 кг), Б.Тэмүүлэн (-100 кг), Ө.Дүүрэнбаяр (+100), эмэгтэйчүүдээс А.Цолмон (52 кг), П.Лхамдэгд (-78 кг), О.Жавзмаа (+78 кг) нар Гаванаг зориод байна. Тамирчдыг шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш О.Балжинням, ОУХМ Г.Дашдаваа нар ахалж байна. “Гран при-Гавана-2016”-гаас алтан медаль хүртсэн тамирчин 300 оноо, мөнгөн медальтанд 180 оноо, хүрэл медальтанд 120 оноо олгох юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ