Төвийн бүсийн аварга шалгаруулах цанын тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 11:01:54

 Өсвөр үеийн цанчдын “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн” Дархан-Уул аймагт эхлэв. Тэмцээнд Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгууд болон Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн долоон багийн 100 гаруй тамирчид оролцож байна.

Спортын мастер Б.Даваажавын нэрэмжит болгон тус аймагт анх удаа зохион байгуулж байгаа уг тэмцээний нээлтэд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгалаг-Тамир, ахмад дасгалжуулагч Х.Ичинхорлоо, н.Хүрлээ нар оролцлоо. Энэ үеэр Монгол улсын Спортын мастер Б.Даваажавыг ЗАМХ-ийн холбооноос Монгол улсын цанын спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, гаргасан амжилт үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж “Биеийн тамирын тэргүүн” медалиар шагнав.

Хоёр өдөр буюу энэ сарын 23, 24-ний өдрүүдэд үргэлжлэх уг цанын тэмцээнд өсвөр үеийн 11-13, 14-15 насны ангилалд хурд хүч авхаалж самбаагаа сорьж байна. Тэмцээнийг Монгол улсын Гавьяат тамирчин Л.Дорж, Улсын шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржготов нарын удирдсан шүүгчдийн баг шүүж явуулах аж.

                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ