ДАРХАН-УУЛ: Бэлчээрийн газрын өөрчлөлтийг хянах 28 цэг ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн 2025 оны бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторинг аргаар үнэлсэн ажлын тайланг ГХБХБГ-аас танилцууллаа. Мониторинг хийх 28 цэг аймгийн хэмжээнд байдаг. Үүнээс Хонгор сумын нутагт 16, Шарын гол суманд хоёр, Орхон суманд 10 цэг байна.
Дархан-Уул аймгийн бэлчээрийн хэмжээ 2024 онд газрын нэгдсэн сангийн тайланд Дархан сум 1381 га, Орхон сум 33480 га, Шарын гол 3900.18 га, Хонгор 135511.69 га талбайн мэдээлэл тусгагджээ. Уг судалгаагаар бэлчээрийн сэргэх чадавхыг тодорхойлж ангилах, цаашид доройтлыг нөхөн сэргээх чиглэлээр ажилладаг байна.
Дархан-Уул аймгийн хувьд сэргэх чадавхын нэгдүгээр зэрэг буюу ургамлын бүлгэмдэл лавлагаа төлөв байдал (талхлагдаагүй)-тай бараг ойролцоо, эсвэл бага зэрэг талхлагдсан төлөв байдлаас лавлагаа төлөв байдалд шилжихэд ургалтын 1-3 улирал шаардагдах, ашиглалтын эрчим, ачаалал тэжээлийн нөөц (даац)-тэй үндсэндээ дүйж байгаа, түүнчлэн улирлаар сэлгэж ашиглах шаардлагатай бэлчээр 16858.2 га
Сэргэх чадавхын хоёрдугаар түвшинд буюу маш богино хугацаанд (ургалтын хугацаа 3-5 жил) сэргэх боломжтой 11627.8 га бэлчээрийн газар
Сэргэх чадавхын гуравдугаар түвшинд буюу сэргэх боломжтой (5-10 жил шаардагдана) экосистемийн үйлчлэлүүд нэлээд алдагдсан төлөвтэй 43464.8 га бэлчээрийн газар
Сэргэх чадавхын дөрөвдүгээр түвшинд буюу унаган зүйл ургамлууд устаж, түрэгч ургамал нэмэгдэн, ус зүйн өөрчлөлтийн улмаас нөхөн сэргээлтийн арга хэмжээ авахгүйгээр сэргэх боломж муу (10 ба түүнээс дээш жил шаардлагатай) төлөвтэй 16561.7 га бэлчээрийн газар
Сэргэх чадавхын тавдугаар түвшинд буюу хөрсний алдагдал,
давсжилт, элэгдэл эвдрэл хүчтэй илэрсэн, унаган төлөвт нь оруулах боломжгүй
болж цөлжсөн 82622.4 га бэлчээрийн талбай нь нийт бэлчээрийн 47.8 хувийг эзэлж байна.
Улаанбаатар