ХЭҮК хоригдож буй этгээдийн хувийн хэрэгтэй сар бүр танилцдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-28 09:28:00
oyuka_hu@yahoo.com

Энэ сарын 14 нд Хүний Эрхийн Үндэсний Комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажилласан. Тэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны харьяа Цагдан хорих байранд хоригдож байгаа  болон саатуулагдаж буй иргэдийн эрх зөрчигдөж буй эсэх талаар мониторингийн судалгаа хийжээ.

Судалгааны явцад хүний эрх зөрчсөн гэх ноцтой зөрчил илрээгүй гэж ХЭҮК-ийн Орхон аймаг дахь ажилтан Ё.Эрдэнэболд хэллээ. Харин хоригдож буй иргэд хуулийн зүйл заалттай холбоотой гомдол хэлсэн ажээ. Энэ нь ХЭҮК-ийн шийдэх асуудал биш гэдгийг ойлгуулсан байна.

Орхон аймгийн Цагдан хорих байр нь 2013 онд ашиглалтад орсон. Энэ нь олон улсын жишигт нийцсэн орчин, талбайтай ажээ. Ялангуяа нэг хүнд ноогдох талбай, гэрэл, чийгшил зэрэг нь олон улсад мөрдөгдөж буй журмын дагуу байдаг гэж Ё.Эрдэнэболд онцоллоо. Мөн ХЭҮК хоригдож буй этгээдийн хувийн хэрэгтэй танилцах, шүүгчийн захирамжгүй хорьсон эсэх, эргэлт, уулзалтыг хуваарийн дагуу явуулж байгаа эсэхэд сар бүр хяналт тавьдаг байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ