Ж.Амарсанаагийн асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-28 11:19:29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.50 цагт эхэлж, эхний асуудлаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэв.

Энэ саналд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудал туссан бөгөөд Хууль зүйн байнгын хороо өчигдөр хэлэлцэж дэмжсэн юм. Саналын талаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч М.Батсуурь танилцуулсаны дараа гишүүд эсэргүүцлээ багагүй илэрхийлэв.

Тухайлбал Ц.Нямдорж гишүүн “1990-ээд оны хэлмэгдүүлэлт энд давтагдаж байна. Энэ асуудлыг хууль зөрчиж шийдэх гэж байна. Үүнийг хойшлуулаад дахин хэлэлцэж, хуулийн дагуу шийдэх ёстой” гэв. Харин УИХ-ын дарга З.Энхболд хойшлуулахгүй гэж мэдэгдлээ. 

Мөн Я.Содбаатар гишүүн “Хууль дээдлэх ёс алдагдаж байгаагийн том жишээ энэ. Энд Үндсэн хуулийн эргэлт хийх гэж байна. Хууль зүйн байнгын хороо хууль зөрчлөө” гэсэн бол Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ямар ч хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг мэдэгдээд, холбогдох зүйл заалтыг уншиж танилцууллаа.

Ингээд хэлэлцэж буй асуудлыг батлах санал хураахын өмнө МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ асуудлаар тус бүлэг ажлын тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдэв. Тэрбээр “УИХ, байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг тогтоохдоо зөвшилцөл хийгээгүй. Тогтоогоогүй асуудал оруулж ирж батлах гэж байна. Үүнээс гадна Цэцийн даргыг олонхийн саналаар баталдаг. Тиймээс эргүүлэн татахдаа ч Цэцийн гишүүд хуралдаж хэлэлцэх ёстой. Мөн хууль зөрчсөн үйлдэл хийсэн бол эрх бүхий байгууллага тогтоосон тохиолдолд эргүүлэн татдаг. Гэтэл аль аль нь байхгүй байна. Цэцийн гишүүд хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдоогүй бол өөрөө хүсэлт гаргаагүй байхад нь эргүүлэн татаж болохгүй. Энэ мэтчилэн олон хууль зөрчиж байна” гэсэн юм. УИХ-ын дарга МАН-ын бүлгийн завсарлагыг хүлээж авснаар уг асуудал ирэх долоо хоног хүртэл хойшиллоо.

Одоо УИХ-ын чуулганаар Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ