ЕБС-ийн 50 багш Зөвлөх зэрэгтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-29 15:12:39

БСШУ-ы сайдын тушаалаар өнөөдөр нийслэл, орон нутгийн ЕБС-ийн 50 багшид “Зөвлөх багш” зэрэг олголоо.

Боловсролын мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/-ээс зохион байгуулж буй Зөвлөх багш нарын уулзалт, зөвлөгөөний үеэр багш нарт энэхүү зэргийг олгож, үнэмлэх гардуулсан юм.

Монгол Улсад нийт 27 мянга гаруй багш ажилладгаас 187 зөвлөх багш байдаг. Энэ жил Зөвлөх зэрэгтэй болох хүсэлтээ 21 аймаг, 9 дүүргийн 83 багш ирүүлснээс 50 багш болзол хангажээ. Зөвлөх багш нь хүүхэд хөгжүүлэх арга технологитой байх, түүнийгээ үндэсний болон орон нутгийн 3-4 сургуульд түгээн дэлгэрүүлсэн, багшийн хөгжилд хувь нэмэр оруулсан байх, хүүхэд хөгжүүлэх хамтын судалгааг хийсэн байх зэрэг шаардлага хангасан байх ёстой аж.

Энэхүү зэрэг нь ЕБС-ийн багш нарт олгодог хамгийн өндөр зэрэг бөгөөд 10 жил хүртэл хугацаатай, хүчин төгөлдөр юм. Мөн цалингийн урамшуулал, нэмэгдэл дагалддаг байна.  

БМДИ-ийн дэд захирал О.Оюунтунгалаг хэлэхдээ, “Зөвлөх зэрэг авч буй багш нарын үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Зөвлөх зэрэгтэй болсон багш нар хувь хүнийхээ хувьд хөгждөг. Багшийн амжилт, хөгжил сурагчийн амжилт, хөгжилтэй шууд холбоотой. Өнгөрсөн жил Зөвлөх зэрэгтэй болсон Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын н.Мөнхбаатар багшийн арга туршлага үндэсний хэмжээнд түгэн дэлгэрч байгаа. Багшийн хувийн хөгжил дээшилснээр сургууль, хамт олны хөгжил дагаж дээшилдэг сайн үр нөлөөтэй. Зөвлөх зэрэгтэй багш нар нэмэгдсэнээр чанартай багшийн тоо нэмэгдэж байна” гэв.

Зөвлөх зэрэгтэй болсон багш нар ийнхүү ярьж байна.

Ховд аймгийн Жаргалант сумын лаборатори I ахлах сургуулийн бага боловсролын багш Б.Баярмаа: “Соронзны гайхамшиг” сэдвийг “Хүн байгаль” хичээлийн хүрээнд сурагчдад соронзон үйлдэл, соронзон туйлуудын тухай, мэдлэгийг тоглоомын аргаар зааж, соронзны амьдрал, ахуйд хэрэглэх хэрэглээний талаарх цогц мэдлэг өгнө. Ингэснээр хүүхдэд сурах сэдэл төрүүлэх, сурагчид мэдлэгээ өөрсдөө бүтээх, таамаглах, таамаглалаа туршилтаар батлах, шинжлэн судлах чадварыг төлөвшүүлнэ.

Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн бага ангийн багш Т.Баяржаргал: “Илэрхийлэх чадварт суурилсан хөгжүүлэх технологи” сэдвээр миний хувьд нэгдүгээр ангийн сурагчдыг сурах үл ажиллагаанд сургахдаа өөрийгөө нээн илэрхийлэх, ярих, бичих, бодох аргыг хослуулан сурах сэдэл тэмүүллийг бий болгох нь хүүхдийг бүх талаар нээн илрүүлэх боломжтой гэдгийг харуулахыг зорьсон. Өнөөдөр хэн өөрийгөө илэрхийлж чадна, хэн бусадтай санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж сурна, тэр хүн нийгэмд  амархан хөлөө олж бие даан ажиллах чадвартай болж байна. Иймээс хамгийн чухал нь хүүхдүүдийг чөлөөтэй яриулж, өөрийгөө илэрхийлэх чадварт сургах үйл ажиллагаа гэж үзэж байна.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ