Тариалан суманд 101 настай эмээ амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-02-01 13:48:21

Увс аймгийн Тариалан суманд 101 настай Үлэмжийн Чулуун гэх буянтай буурал амьдарч байна. Тэрбээр ах дүү 11-үүлээ, бас өөрөө 10 хүүхэд төрүүлсөн тул тэдний үр хүүхэд, ач зээ гэж өчнөөн олон хүн байгаа аж.

Өнгөрсөн жил сумын ИТХ, ЗДТГ-ын зүгээс 100 настандаа хүндэтгэл үзүүлсэний зэрэгцээ Цагаан сараар Монгол Улсын Ерөнхийлөгч болон аймаг, сумын Засаг дарга нар хүндэтгэл үзүүлсэн байна.

Тариалан суманд өдгөө 90-ээс дээш настай 10 гаруй хүн амьдарч байна. Танай сумынхан урт наслаад байгаагийн нууц нь юунд байна гэсэн асуултад Тариалан сумын Засаг дарга С.Цолмон: “Өндөр уулын бүс нутагт амьдардаг учраас энэ нь нөлөөлж байгаа байх. Үүнээс гадна тариа тарих, мал маллах гэх мэтээр маш их хөдөлмөрлөдөг тул тэр нь дасгал сургууль болдог. Мөн найман настай балчираас авахуулаад наян настай буурал хүртлээ бүгдээрээ бий биелгээ хийдэг. Айлын найран дээр хуур татахаар согтуу байсан хүн биелэсээр байгаад эрүүл болдог сонин увидастай ард түмэн. Энэ бүхэн урт наслахад нь нөлөөлдөг болов уу” хэмээн хариулсан юм.

Увс аймаг Б.Батхүү   

Холбоотой мэдээ