АЭХ уриалга гарган УИХ-ын даргад өргөн барилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-01 15:06:35

Энэ оны нэгдүгээр сарын 18-нд Төрийн ордонд хуралдсан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV чуулганаас гарсан уриалгыг тус холбооны тэргүүн С.Одонтуяа болон УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүд өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. 

Уг уриалгад чуулганы үеэр төлөөлөгчдөөс гарсан саналыг тусгаж, улс орны хөгжил, нийгэмд шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлуудаар гаргасан зөвлөмжийг тусгажээ. Тухайлбал,  
1. Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд эрэгтэй, эмэгтэй шийдвэр гаргагчдыг тэгш оролцуулах замаар тогтвортой, урт хугацааны, цогц шийдлийг удирдлагын бүх түвшинд гаргаж ажиллах, Ардчилсан Нам өөрийн 2030 он хүртэлх бодлогодоо тусган томьёолохыг АН-ын гишүүд, АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороонд тус тус уриалж байна.
2. Аймаг, нийслэл, дүүрэг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшүүлэхдээ нэр дэвшигчдийн 30 хувиас доошгүй нь эмэгтэй нэр дэвшигчид байхаар зохион байгуулахыг Ардчилсан Намын удирдлага, нийслэл, аймаг, сум, дүүргийн Намын хороонд уриалж байна.
3. Эмэгтэйчүүдийг шинэ мянганы шинэ зорилт – Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлэхэд шаардлагатай ур чадварт тасралтгүй суралцах нөхцөл бололцоог нээх замаар Ардчилсан Намаас бүх шатны сонгуульд нэр дэвших, бүх салбарын шийдвэр гаргах түвшинд дэвшин ажиллах, шийдвэр гаргах түвшинд үр дүнтэй ажиллахад нь дэмжиж, орон нутаг, эх орон, бүс нутаг, дэлхий дахины асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадах олон сайн эмэгтэй удирдагчдыг төрүүлж, төлөвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахыг Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны бүх шатны удирдлага, салбар хороо, АЭХ-ны нийт гишүүдэд уриалж байна.
4. Улс төрийн нам доторх эмэгтэйчүүдийн байгууллага нь эмэгтэй улс төрчдийг бэлтгэх, төлөвшүүлэх гол орон зай тул ардчилалын энэхүү үнэ цэнтэй институцийг Улс төрийн намуудын тухай хуулинд хэвээр үлдээхийг УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүдэд уриалж байна.
5. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бууруулахад чиглэсэн аливаа шийдвэрт эрс няцаалт өгч, харин эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэсэн хууль санаачилж ажиллахыг УИХ-д суугаа Ардчилсан Намын гишүүн эмэгтэйчүүдэд уриалж байна" гэжээ. 

Н.Туяа

Холбоотой мэдээ