Нутгийн зөвлөл нь малчиддаа 50 тн өвс илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-01 20:31:20

Гурвансайхан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл зудыг малын хохирол багатай даван туулахад нь туслахаар 50 тн өвсийг малчиддаа илгээжээ. Тус сум хамгийн зузаан цастай, зудтай өвөлжиж байгаа сумдын нэг юм.

Мал бэлчээрт гарах боломжгүй болж, малчид малаа хотонд нь тэжээж байгаа тул өвс тэжээл ихээр шаардагдсан, өвс тэжээл худалдан авъя гэсэн ч бэлэн мөнгөний гачаал тулгарсан ийм үед 50 тонн буюу 2 мянган боодол өвс цагаа олсон тусламж болжээ. Өвсийг бүх малчин өрхдөө ижил тэнцүү хуваарилан өгч эхэлсэн байна. Нийт 450 гаруй малчин өрх тус бүрт 4- 5 боодол өвс ногдсон бөгөөд малчид айл саахалтаараа нийлэн сумын төвөөс хуваарьт өвсөө татан авч байгаа ажээ. Гурвансайхан сумын төвийг шинэчлэх бүтээн байгуулалтыг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл нь сүүлийн хоёр жилд эрчимтэй өрнүүлсэн. Энэ бүтээн байгуулалтад малчдын оруулсан хувь нэмэр багагүй байсан бөгөөд малчдынхаа тусыг ийнхүү хариулжээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ