Баялаг бүтээгчиддээ зориулж үйлдвэрлэл худалдааны төв ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-02 10:29:53

Дундговь аймгийн баялаг бүтээгчдийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр боллоо. Аймгийн Засаг даргын захирамжаар 2016 оныг Баялаг бүтээгчдээ дэмжих жил болгосон бөгөөд энэ хүрээнд зохион байгуулах эхний ажил нь баялаг бүтээгчдийн зөвлөлгөөн болж байгаа ажээ.

Хөдөө орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг гол бэрхшээл нь бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах гарц муутай, үйлдвэрлэл явуулах байр байхгүй гэдгийг тэд хэлдэг.Тэгвэл энэ асуудлыг нааштай шийдэж, аймгийн төвд үйлдвэрлэл худалдааны төвийг удахгүй нээнэ гэдгийг аймгийн Засаг дарга зөвлөгөөний үеэр баялаг бүтээгчдэд дуулгасан юм. Ашиглагдаагүй байсан хуучин барилгыг засварлаж хөрөнгө оруулснаар үйлдвэрлэл худалдааны төв бэлэн болно. Үүнд баялаг бүтээгчид ажлын байраа төвлөрүүлж, түрээс төлөлгүйгээр үйлдвэрлэлээ явуулж, бүтээгдэхүүнээ  нэг дороос худалдаалах нөхцөл бүрдэх юм байна.

Энэ бол баялаг бүтээгчдээ дэмжих гол ажил байна гэдгийг Засаг дарга С. Од- Эрдэнэ онцлоод 2016 он бол баялаг бүтээгчдийн урьд хийж байсан, хийсээр ирсэн үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээний үргэлжлэл, тэгэхдээ амжилтад хүргэсэн бодлого чиглэлийн жил байх болно гэлээ.

Баялаг бүтээгчдийн зөвлөгөөнийг ЗДТГ- тай хамтран зохион байгуулсан Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Ц. Даваабаяр хэлэхдээ, төр бол маш том худалдан авагч. Энэ том худалдан авагч дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээ худалдан авдаг байхаас баялаг бүтээгчдээ дэмжсэн бодлого эхэлнэ. Импортын бараанаас татгалзаж, дотоодын үйлдвэрээ дэмжин, аж үйлдвэрийн хувьсгал хийх цаг болсон. Ийм үед Дундговь аймаг баялаг бүтээгчдээ дэмжихэд бодлого хандуулж байгаад талархаж байна гээд энэ оныг хамтдаа өндөр үр бүтээмжтэй өнгөрүүлэхийг хүсэв.

Баялаг бүтээгчдийн анхдугаар зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга, Баялаг бүтээгчдийн үндэсний холбооны тэргүүн, Дундговь аймаг дахь салбар холбооны тэргүүн нар хамтран ажиллах гурван талт гэрээнд гарын  үсэг зурсан юм.

Анхдугаар зөвлөгөөнд 100 шахам баялаг бүтээгч оролцож, тэдний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж өндөрлөлөө.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ