Улсын харцага Б.Пүрэвсайхан үүрд хадгалагдах цом гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-02-03 10:27:42

Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн  нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн 2015 оны 12 дугаар сарын 29-нд  болсон юм.

Тав дахь жилдээ зохион байгуулсан шигшмэл хүчит бөхийн уг барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харъяат, “Ховд” бөхийн дэвжээний бөх Улсын харцага Б.Пүрэвсайхан хоёр дахь удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авсан юм. Тэрбээр 2013 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд мөн түрүүлж анхны цомоо гардаж байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлсэн Улсын харцага Б.Пүрэвсайханд өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үүрд хадгалагдах цом гардуулав.

Цом гардуулах үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Монголчууд дэлхийн дээвэрт дэг журам тогтоож явсан аугаа түүхтэй. Гэвч дараа нь эвдрэлцэл, хуваагдал, эв түнжингүй байсан янз бүрийн шалтгаанаас бутарч, сарниж, суларч бусдын боол, босгоны зарц болж 220 жил зовсон ч 1911 онд монголчууд Богд хаанаар удирдуулан тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан. Тэр ойг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар 2011 оноос хойш тэмдэглэдэг болсон юм. Түүнээс хойших өнгөрсөн богино хугацааны түүхт ойн барилдаанд хоёр удаа түрүүлж, шилжин явах цом гардан авсанд баяр хүргэж, үүрд хадгалагдах хоёр дахь цомыг гардуулан өгч байна. Энэ 2016 он бол олон давхар ойн жил. Улсын баяр наадмаар 1024 бөх барилдана. Тэр наадамд зоригтой, шударга сайн барилдаж түмэн олноо баясгаарай” гэлээ.

Холбоотой мэдээ