Монгол Хайку шүлгийн сан гурамсан цувралаар нэмэгдлээ
ВИДЕО МЭДЭЭ3 мөр шүлгээс бүрдсэн “Чөдөр гурвалжин”, “Тархины фитнес”, “Гандирсан” хэмээх гурамсан яруу найргийн номыг МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор Үржингийн Хүрэлбаатар өөрийн урын сандаа төрүүлжээ. Яруу найраг сонирхогчдын хувьд эдгээр ах дүү цуврал бол хай гэсэн үгээр холбогдсон Хайку төрлийн бичлэг юм. Хэдийгээр монголд 1-3 мөрөнд оршихуйн бүхэл утга санааг багтаан илэрхийлсэн яруу найргууд байдаг ч 17 р зуунаас эхлэлтэй Хайкугийн уламжлалыг төдий л тусгаагүй байдаг гэж судлаачид үздэг байна. Харин Хүрэлбаатар яруу найрагч энэ уламжлалыг хадгалснаараа Монгол хайкугийн хувьд шинэлэг болжээ.
Түүний Хайку гурамсан бүтээл монгол, англи, япон, унгар хэл дээр хөрвүүлэгджээ. Ном тус бүр нэг агуулгад багтсан 30-100 гаруй шүлгээс бүтсэн байна. Номын нээлтэнд зохиолчийн хайку мөртүүдэд зориулсан уран бичлэг Уран зургийн галлерейн үзэсгэлэнгийн танхимд тавигдсан нь хүрэлцэн ирсэн зочдод Хайку шүлгийн утга санааг дүрслэн харах боломжийг олгосон байлаа. Номын нээлтийн ажиллагаатай зэрэгцэн Монголын Хайку холбоо байгуулагдаж Хайкуг Хайхуй эрдэм шинжилгээний симпоузмыг зохион байгуулсан юм. Симпоузимд Монголын Хайку яруу найрагчид оролцсоноос гадна дэлхийн Хайку холбооны захирал,Токиогийн Мэйжи Их сургуулийн профессор Банья Нацуйши хүндэт зочноор оролцлоо. Дэлхийн Хайкугийн холбоо Монголтой холбоо тогтоогоод өдгөө 10 –н жил болжээ. Тэрээр Яруу найрагч Ү.Хүрэлбаатарын шинэ номын цомгыг Монгол хүний оюуны чадавхийг дэлхийд таниулах нэрийн хуудас болно гэж үнэлсэн юм.
Сэтгэгдлүүд