Монголын сагсан бөмбөгийн холбоо ээлжит бус хурал зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-04 15:55:38

Монголын сагсан бөмбөгийн холбооны /МСБХ/ бүх гишүүдийн хурлыг энэ сарын 6-нд зохион байгуулах болсон талаар өнөөдөр тус холбооноос мэдэгдлээ.

МСБХ-ны тэргүүлэгчдийн зүгээс тус холбооны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг тодорхой болгох үүднээс ээлжит бус хурлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзжээ.

Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал “МСБХ-ны ээлжит бус хурал хуралдаагүй 10 жил болсон. Сүүлийн жилүүдэд холбооны хууль бус удирдлагуудын асуудлаас болж сагсан бөмбөгийн тамирчид, сонирхогчид хохирч байна. Эдгээр тамирчдын ид нас болох 21-28 насанд нь тэмцээн уралдаанд оролцуулах хэрэгтэй. Энэ асуудлаас болж 2015 оны Ази тивийн АШТ-нд баг тамирчдаа оролцуулаагүй. Энэ удаад 2016 оны 4 дүгээр сараас эхлэх сагсан бөмбөгийн Ази, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд мөн оролцуулж чадахгүйд хүрээд байна. Тиймээс холбооны дүрмийн 3.5 дахь заалтад “Холбооны бүх гишүүдийн 1/3 санаачилгаар эсвэл Ерөнхийлөгч, Тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно” гэж заасныг үндэслэн ээлжит бус хурлыг зохион байгуулах болсон” хэмээв.

Тус холбооны тэргүүлэгч гишүүд болох Ж.Оджаргал, П.Батсайхан, С.Баярцогт, Ц.Баатарсайхан, Ц.Цэвэрбал, С.Дамба, Б.Чулуунбаатар нарын 7 тэргүүлэгч гишүүний гарын үсэг бүхий шийдвэрээр хуралдуулахаар болсон байна.

Хуралд Монголын сагсан бөмбөгийн үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ баг, Монголын залуучуудын шигшээ баг, Үндэсний супер лиг, Эмэгтэй супер лиг, Сонирхогчдын спрайт лигийн тамирчид, дасгалжуулагчид, Сагсан бөмбөгийн шүүгчид, ЕБС-ийн биеийн тамирын багш нарын төлөөлөл, спортын мастерууд болон ахмад тамирчид оролцохоо албан ёсоор мэдэгджээ.

С.Сайнзаяа

Холбоотой мэдээ