Элчин сайд Женифер З.Гаалтыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-05 16:44:16

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер З.Гаалтыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар уулзалтын эхэнд хатагтай Женифер З.Гаалттай уулзан танилцаж байгаадаа таатай байна гээд, Монгол Улсад Элчин сайдаар ажиллах ажилд нь амжилт хүслээ. Мөн тэрээр АНУ-ын Конгрессын Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж ирснийг дурдаад, энэхүү хөтөлбөр нь манай хоёр орны хууль тогтоох дээд байгууллагуудын хооронд туршлага солилцох гол механизмуудын нэг болохын зэрэгцээ манай улсын хууль, эрх зүйн тогтолцооны шинэчлэлд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг дуулгав. Түүнчлэн УИХ, УИХ-ын Тамгын газар болон Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн нь олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж ирснийг хэлээд, УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг нээлттэй болгох, олон нийтэд сурталчлах, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг сургах чиглэлд Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байдагт талархал илэрхийлсэн юм. Мөн өнгөрсөн хаврын чуулганаар Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хуулиудыг баталсан. Нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Нээлттэй сонсголын танхимыг байгуулсан. Энэхүү танхимыг бий болгоход Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн туслалцаа үзүүлсэнд талархаж байдаг гэлээ.

Хатагтай Женифер З.Гаалт Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг цаг, зав гарган хүлээн авч уулазж буйд талархаад, хоёр улсын харилцаа ялангуяа парламент хоорондын бат бэх харилцаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Тэрээр мөн Ил тод байдлын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох чиглэлээр ажиллана гэдгээ мэдэгдээд хэлэлцээрийг хэрэгжүүлснээр олон боломжууд нээгдэхийг зэрэгцээ хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улс Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцид нэгдэн орох талаар анхааран ажиллаж энэ тал дээр хувь нэмрээ оруулна гэдэг итгэж байна гэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ