Шүүгчийн албан тушаалд томилогдогсод үнэмлэхээ гардав

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2016-02-05 16:59:23

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  анхан болон давж заалдах шатны шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалд томилогдсон хүмүүст өнөөдөр үнэмлэх гардуулан өгөв.

Эдгээр хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уншиж сонсголоо. Ерөнхийлөгчийн зарлигт “Т.Даваасүрэнг Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, Ж.Оюунтунгалагийг нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, Т.Туяаг нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, Э.Лхагвасүрэнг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, Б.Мандалбаяр, Д.Цэрэндолгор, Ч.Ичинхорлоо нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр, Э.Чингисийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр, Д.Азжаргалыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус томилсугай” гэжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  томилогдсон шүүгчдэд итгэл хүлээлгэж буйгаа илэрхийлэн хууль, журмаа сахиж шударга ажиллахыг хүсэв.

Холбоотой мэдээ