Арав гаруй сургууль тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 22:17:12

“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас Ерөнхий боловсролын сургуулиудын дунд 1 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэгтэй хөтөлбөр зарлан явуулсан байна.

 Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Увс аймгийн 30 сургууль “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” төсөл бичиж оролцжээ. Бага боловсролын эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанарыг сайжруулахад төслийн зорилго оршсон бөгөөд сургууль бүр бага ангийн сурагчдад нэн шаардлагатай, тулгамдсан асуудлаар төсөл бичиж оролцсон байна. Баруунтуруун, Бөхмөрөн, Завхан, Наранбулаг, Ховд сумын сургууль, Тэс сумын 1-р болон Өмнөговь сумын Улиастай багийн бага сургууль, Улаангом сумын Ахлах 3-р сургууль, “Чандмань-Эрдэм” ахлах сургуулиудын төсөл шалгарч тус бүр 4-6 сая төгрөгийн, нийт 48.7 сая төгрөгийн тэтгэлэг авсан байна.

Энэ тэтгэлгийг БСШУЯ, Дэлхийн банкны санхүүжилтээр олгож байгаа аж. Тэтгэлэг авах сургуулийг гурван үе шаттайгаар шалгаруулсан бөгөөд хамгийн гол нь эдгээр сургуулиуд төслөө үр дүнтэй хэрэгжүүлэхэд тус тэтгэлэг томоохон дэмжлэг болох юм байна.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ