Төрийн дээд одон, медаль гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-06 01:11:58

Дархан-Уул аймгийн эрчим хүч, үйлдвэр үйлчилгээний салбар, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж аймгийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнасныг гардуулах ёслол болов.

Шагнал гардуулахад аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд болон аймгийн бусад удирдлагууд оролцлоо.

Төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Нямдаваа, Дархан сумын хоёдугаар багийн өндөр настан Ч.Хишигжаргал, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Зуухан цехийн ашиглалтын мастер Г.Батзориг, “Стандартчилал хэмжил зүйн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр аймгийн Стандартчилал, Хэмжил зүйн хэлтсийн чанарын менежер, шинжээч Б.Баярбаатар нарыг шагналаа.

Мөн аймгийн Засаг даргын шагнал “Найрамдлын Дархан” тэмдгээр Нийтийн аж ахуй, Үйлчилгээний газрын жолооч Ц.Давааням, Дархан сумын 10 дугаар багийн ахмад настан С.Уртнасан, Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Е.Өсөхбаяр, Аймгийн “Тэргүүний ажилтан”-тэмдэгээр Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын ажилтан Д.Амгалан, Онцгой байдлын газрын жолооч Г.Өлзийбат, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн албаны дарга Б.Эрдэнэтулга, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн сувилагч Б.Дэлгэрсайхан, Ус цаг уур орчны шинжилгээний албаны инженер А.Дөлгөөн нарыг шагнав.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ