Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dotood_editor@montsame.mn
2016-02-08 11:16:35

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.02.05/ Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн мэдүүлэв. 

Төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцоо, эрх зүйн үндсийг тавьсан Төрийн нууцын тухай Монгол Улсын хууль нь 1995 онд батлагджээ. Өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засгийн харилцаа, эрх зүйн тогтолцоонд томоохон өөрчлөлт, шинэчлэл хийгдсэн. Гадаад орнуудын төрийн нууцыг хамгаалах арга хэлбэрт ч өөрчлөлт гарч, төрийн нууцыг хамгаалах хууль тогтоомжоо боловсронгуй болгох арга хэмжээг идэвхтэй авч хэрэгжүүлсээр байгаа аж. Харин манай улсын төрийн нууц хамгаалах тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, техник, технологийн түвшин, хүний нөөцийн асуудал нь цаг үеийн шаардлага хангахгүй болсон бөгөөд шинэчлэх шаардлага үүссэн байна. 
Иймд төрийн болон албаны нууцын асуудлыг шинэ зарчим, хандлагаар авч үзэн Төрийн нууцын тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг нэгтгэн төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллүүд, байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийг тодорхой хуульчлах, мэдээллийг нууцлах, ил болгох оновчтой зохицуулалтыг бий болгох, иргэний мэдээлэл авах эрхийг хангах, төрийн болон албаны нууцыг хамгаалах олон талт арга хэмжээг бүрэн тусгах, нууц хамгаалалд тавих хяналт, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг боловсронгуй болгохоор 7 бүлэгтэй уг хуулийн төслийг боловсруулжээ  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ