“Хүн газар ээжийн буяныг дааж амьдрах ёстой”
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛСар шинийн баяраар “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарсан Дархан сумын тавдугаар багийн тариаланч Д.Цэцэнхүүд аймаг, сумын удирдлагууд “Улсын тэргүүний тариаланч”-ийн цол, тэмдгийг нь гардууллаа.
Д.Цэцэнхүү нь 1998 оноос таван га газарт төмс, хүнсний ногоо тариалж эхэлснээс хойш тасралтгүй 16 жил тариалалт хийж 5-60 га газар хүртэл өргөжүүлсэн. Сүүлийн гурван жилд эргэлтийн 60-90 га газраас 30-45 га-д уринш хийж , 30-45 га-д нь 3-4 төрлийн хүнсний ногоог тариалж га-аас авах ургацыг жилд усалгаагүй талбайн га тутмаас 180-200 цн, усалгаатай талбайгаас тогтмол 250-400 цн ургац хурааж авдаг байна. Тэрбээр 2008 онд “Манлай ургац” ХХК-ийг үүсгэн байгуулж найман ажилчинтай эхлэсэн бол одоо өргөжиж сумынхаа 24-28 хүнийг байнгын, ургац хураалтын үеэр Дархан Техникийн Коллеж, МСҮТ, их дээд сургуулиудын 100-150 оюутныг түр ажлын байраар хангаж иржээ.
Мөн иргэдэд стандартын шаардлага хангасан төмс, хүнсний ногоог нийлүүлэх зорилгоор 2012 онд ХХААЯ-аас зарлагдсан “Зоорийг сэргээн засварлах” төсөлд шалгарч өөрийн 1500 тн-ын багтаамжтай зооринд 114.0 сая төгрөгийн урсгал засвар хийж бүрэн ашиглалтад оруулсан байна. Д.Цэцэнхүү нь өнгөрсөн онд “Аймгийн тэргүүний тариаланч”-аар шалгарч байсан юм.
Тэр хэлэхдээ:-“Газар ээжийн буян хишиг их ээ. Тэр л буяныг хүртэхийн тулд газраа хайрлан хамгаалж үржил шимийг нь алдагдуулахгүй байх ёстой. Тэгээд “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдгийг санаж ургацаа хадгалах хүрэлцээтэй сайн зоорьтой байх нь чухал” гэв.
Б.Норовсамбуу