Аймгийн аваргууд тодорлоо

Орон нутагт | Говь-Алтай
norovsambuu@montsame.mn
2016-02-12 01:55:59

   Аймгийн хөдөлмөрийн аваргууд тодорлоо

Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар хариуцсан ажилдаа амжилт гарган хамт олноо хошуучилсан тэргүүний хүмүүсийг 2015 оны аймгийн хөдөлмөрийн аваргаар шалгаруулан шагналаа.

Санхүү, байгал орчин, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, барилга, нийтийн ахуй үйлчилгээ, эрчим хүч, уул уурхай, зам тээвэр, эрүүл мэнд спорт, соёл боловсрол зэрэг олон салбаруудаас хөдөлмөрийн аваргууд тодорсон байна. Цогт сумын төрийн сангийн мэргэжилтэн Б.Байгалмаа, Бигэр сумын байгал орчны байцаагч Ц.Мөнхбаяр, “Баян-Алтай” нөхөрлөлийн захирал Б.Хандаа, оёдолчин Д.Цэрэннадмид, ариутгах татуургын слесарь Б.Бөхбат, инженер Д.Алтанцэцэг, “Аяны зам” хоршооны Х.Доржсүрэн, Тонхил сумын эх баригч бага эмч Х.Оюунгэрэл, “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн багш Л.Наранжаргал, жолооч Д.Баянбаатар, 1-р сургуулийн 12-р ангийн сурагч А.Энхчимэг нарын 11 хүнийг 2015 оны аймгийн хөдөлмөрийн аваргаар шалгаруулан тус бүрийг өргөмжлөл 500 мянган төгрөгөөр шагнасан байна.
                                                                                                    
                                     Тэргүүний хамт олныг шалгаруулав

Говь-Алтай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлөөс өнгөрөгч хонин жилийн ажлаараа тэргүүлж өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн байгууллага хамт олныг шалгаруулж шагнадаг уламжлалтай. Энэ оны аймгийн тэргүүний хамт олноор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Чандмань сумын Соёлын төвийг шалгаруулж тус бүр нэг сая төгрөгөөр шагналаа. Мөн аймаг орон нутгийн хөгжилд идэвх санаачилгатай оролцож буй “Дэлхийн зөн” Монгол олон улсын байгууллагын аймаг дахь орон нутгийн хөгжлийн байгууллагыг “Орон нутгийн хөгжлийг дэмжигч байгууллага”-аар шалгаруулж мөнгөн шагналаар шагнасан байна.                                   

                                        Баян-Уул сум ажлаараа тэргүүллээ

Говь-Алтай аймаг жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өмнө сум байгууллагуудын ажлаа дүгнэн байр эзлүүлдэг юм. Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилт, хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажил, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн байдал гээд олон үзүүлэлтээр дүгнэн шалгаруулдаг бөгөөд энэ онд Баян-Уул сум нэгдүгээр байр эзэлж, Цогт, Есөнбулаг сумд удаалжээ. Мөн 2015 оны ажлаараа хэлтэс агентлагуудаас аймгийн Эрүүл мэндийн газар тэргүүлж, Хүнс хөдөө аж ахуйн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хоёр, гуравдугаар байр эзэлж шагнал гардлаа.

                                                                                    Говь-Алтай Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ