Баянхонгорынхон монгол бичгийн хэрэглээг дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 11:35:46

Улирагч онд Баянхонгор аймгийн Төрийн албан хаагчдын дунд “Бидний Монгол бичиг” аяныг зохион байгуулж, 78 байгууллагын 1400 гаруй төрийн албан хаагч анхан болон дунд шатны мэдлэгтэй болжээ.

Тус аяныг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Баянлиг, Баянцагаан, Бууцагаан сумын ЗДТГ үр дүнтэй зохион явуулсан байна. Мөн төрийн албан хаагчид, сурагчдын Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Хүмүүн бичиг” сониныг захиалгыг нэмэгдүүлжээ.

Мөн онд “Бид Монгол бичигтэн” уралдаант ажлыг “Их үндэстний бичиг” ТББ-тай хамтран  зохион байгуулж Баянхонгор сумын төрийн болон төрийн бус байгууллагын удирдлага, багш, ажилтнуудыг оролцуулсан бөгөөд цэцэрлэг бүр дээр анхан, дунд, дээд ангиллаар сургалт явуулж, монгол бичгийн орчин бүрдүүлэх, албан хэрэглээний компьютерт монгол бичгийн программ суулгасан байна. Сумдын ЗДТГ, аймгийн МХГ, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, сургууль, цэцэрлэгүүд Монгол бичгийн шаталсан сургалтуудыг тогтмол хийж хэвшсэн бөгөөд ажилтнуудын гэрээнд тусган хэрэгжилтийг тооцдог болжээ.

Сонирхуулахад, Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор 2012, 2013 онд аймгийн хэмжээнд байгууллага хооронд харилцан албан бичгийг крилл, Монгол бичгээр хослуулан бичиж хүргүүлэх ажлыг туршиж байжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ