Япончууд огторгуйн дуран бүхий хиймэл дагуул хөөргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-02-15 12:47:00

ТОКИО. /TASS/. Япончууд хар нүхийг судлах зорилгоор огторгуйн рентген дуран суурилуулсан “Astro-H” шинэ хиймэл дагуулыг хоёрдугаар сарын 17-нд хөөргөнө гэж “Japan Aerospace Exploration Agency” /JAXA/ сонинд мэдээлжээ.

Японы мэргэжилтнүүд уг хиймэл дагуулыг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хөөргөхөөр төлөвлөж байсан боловч цаг агаарын таагүй байдлын улмаас хойшлуулахаас аргагүйд хүрчээ.

“Astro-H” хиймэл дагуулд суурилуулсан огторгуйн рентген дурангийн урт нь ойролцоогоор 14 метр бол жин нь 2.7 тонн аж. Уг дуранд рентген туяаны дөрвөн хүчтэй мэдрэгч суурилуулжээ. Энэ мэдрэгчүүд нь сансрын биетээс ялгарч байгаа сул долгионыг ч бүртгэж чаддаг байна. “Astro-H”- хиймэл дагуулд суурилуулсан техникүүдийн тусламжтайгаар мөн 2005 онд япончуудын хөөргөсөн “Сузаку” хиймэл дагуулын огторгуйн дурангаар харах боломжтой бүдэг орон зайгаас ойролцоогоор 100 дахин бүдэг орон зайд тэнгэрийн биетүүдийг ажиглах боломжтой ажээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ