АРХАНГАЙ: “Байгалийг ойроос" түр үзэсгэлэнд 85 дэсийн 91 ширхэг үзмэр дэлгэжээ
ФОТО МЭДЭЭ
Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Олон улсын музейн өдрийг 1977 оноос хойш жил бүрийн 5-р сарын 18-нд тэмдэглэж ирсэн. Энэ жилийн тухайд "Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй" уриатайгаар зохион байгууллаа.
Аймгийн Музей тус баярыг тохиолдуулан Соёлын сайдтай байгуулсан гэрээний заалт, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажлуудын хүрээнд Байгалийн түүхийн музейтэй хамтран “Байгалийг ойроос" түр үзэсгэлэнг энэ сарын 18-ны өдөр өөрийн түр үзэсгэлэнгийн танхимдаа нээсэн юм.
Тус үзэсгэлэнд 85 дэсийн 91 ширхэг үзмэрийг дэлгэсэн байна. Зэрлэг ан амьтан, жигүүртэн, эрвээхэй болон цох хорхой зэрэг амьтдын олон төрлийг, мөн олон зүйлийн ургамлын ангийн талаар энэ үзэсгэлэнгээс харж болох юм.
Нухацтайгаар амьтдын төрхийг харьцуулан харж, хоорондын ялгааг танин мэдэх олон талын ач холбогдолтой тус түр үзэсгэлэнг өнөөдрийн байдлаар 500 гаруй хүүхэд үзэж сонирхоод байна. Хүүхдүүд зураг, бичлэг харахаас илүү амьтдын яг дэргэд нь зогссон мэт гоё мэдрэмжийг авч, өөр олон мэдлэг, мэдээллийг олж авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Энэ үзэсгэлэнг Архангай аймагт анх удаа
дэглэсэн бөгөөд орон нутгийн хүүхэд багачууд, иргэдэд зэрлэг ан, амьтныг ойроос
харах боломжийг олгосноороо онцлог байлаа. Мөн аялал жуулчлалын улирал эхэлж байгаа учраас гадаад, дотоодын
аялагчдад зэрлэг байгалийн тухай ойлголт өгөх боломжийг нээж өгсөн юм.
Түр үзэсгэлэн 7-р сарын 18-нд дуусна.


















