ЗАВХАН: Улиастай хотын түүхийн танхимыг нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны тавдугаар сарын 15
/МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейд Улиастай хотын түүхийн танхимыг нээлээ.
Жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр олон улсын музейн өдөр тохиодог. Энэ жил тус өдрийг “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй" сэдвийн дор тэмдэглэдэг.
Олон улсын музейн өдрийг угтаж Завхан аймгийн музейн түүхийн танхимыг шинэчлэн
дэглэж, Улиастай хотын түүхийн танхим нэрээр нээж байна. Нээлтийн үйл ажиллагаанд
энэхүү танхимыг санаачлагч, Улиастай
сумын Засаг дарга, хотын захирагч Ч.Наранбат болон аймгийн
ЗДТГ-ын Нийгмийн бодлогын
хэлтсийн дарга Д.Бадамсүрэн нарын албаны хүмүүс Улиастай сумын ЗДТГ, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар,
аймгийн Музей, Монгол Улсын
Консерваторын салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд
оролцлоо.
Улиастай хотын түүхийн танхим нь эртний Улиастай, Манжийн үеийн Улиастай, Богд хаант Монгол Улсын Улиастай, БНМАУ-ын үеийн Улиастай, Монгол Улсын Улиастай гэсэн сэдвийн хүрээнд шинэчилсэн дэглэлтийг хийсэн.
Тус танхимд аймгийн музейн сан хөмрөгөөс нийт 17 үзмэрийг дэлгэрэнгүй тайлбарын хамт дэглэсэн. Түүхийн танхимд Улиастай хотын үүсэл, тухайн цаг үед хэрэглэж байсан тамга тэмдэг, “Улиастай” хэмээх нэрийн тайлбар, түүхэн баримтууд, онцлох үйл явдлуудыг таниулсан үзмэр, гэрэл зураг, угсаатны олон үзмэрүүд багтсан байна.
Эдгээрээс онцолбол О.Ламжавын зурсан “Улиастай хотын дэвсгэр зураг” юм. Хожим 1973 онд Д.Дагва хуулж зурсан нь Завхан аймгийн музейд хадгалагдаж байгаад энэхүү танхимын гол үзмэрүүдийн нэг болон дэглэгдсэн байна.
Мөн эртний хот Улиастайн тухай түүхийн эх сурвалжуудыг өгүүлсэн гэрэл зураг, баримт, судлаач эрдэмтдийн ном товхимлууд ч энд дэлгэгдсэн байна. Тухайлбал XVIII-XX зууны Монгол орны худалдаа, жин тээврийн хэд хэдэн гол замтай байсны нэг нь одоогийн Завхан аймгийн Улиастай хот юм.
Умард Монголын
засаг захиргаа, эдийн засгийн томоохон төвүүдийг холбосон Их Хүрээ–Заяын
хүрээ–Улиастай–Ховд чиглэлийн гол төв зам шууд дайран өнгөрч байсан бол
Улиастайгаас шууд Хиагт орох замаар гол төлөв үхэр тэргээр жин тээж байжээ.
Энэ үеийг харуулсан түүхэн гэрэл зургуудыг энэ танхимаас үзэж болох юм гэж
Завхан аймгийн Музейгээс мэдээлэв.
XVIII-XX зууны Монгол орны худалдаа, жин тээврийн гол замууд.
Манж Чин улстай холбогдсон худалдааны гол замууд мөн л Улиастайгаар заавал дайран гардаг байсан аж.
Улиастай дахь монгол худалдаачид
Улиастай, Тэмээн жингийн аяны цуваа. Зургийг Клеменц Д.А 1893-1894 он.
Жин тээврийн гол замуудын нэг Улиастай-Сайр ус-Хаалганы чиглэлийн 1700 орчим бээр зам юм. Энэ зам бол Монголыг Хятадтай холбосон хамгийн том зам нь байв.
Улиастай. Голын гарман дээр гол гарах гэж буй тэмээн жингийн цуваа. Зургийг Клеменц Д.А 1893-1894 он.
Улиастай–Гун Чений чиглэлийн 800 бээрийн урт зам нь Халхыг Зүүнгарын нутагтай холбосон чухал замд тооцогддог байсан. Дээрх хоёр замаас гадна Улиастай-Хөх хот, Улиастай–Бархөл, Улиастай-Цонжийн чиглэлийн замуудаар жингийн цуваа тасардаггүй байжээ.