Монголч эрдэмтэн Удо Б.Баркманны 70 насны ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын монголч эрдэмтэн Удо Б.Баркманны 70 насны ойд зориулсан “Өмчийн харилцаа: Монголын нийгэм, эдийн засгийн түүх” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Эрдмийн танхимд өнөөдөр боллоо.
Тус хуралд Герман, Их Британи, Япон, АНУ, БНХАУ, ОХУ, Монгол улсын судалгааны байгууллагуудын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцлоо. Энэ үеэр Удо Б.Баркманны “Монголын түүх” номын нээлт болсон юм.
Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн хүндэт доктор, МУИС-ийн хүндэт доктор Удо Б.Баркманн хэлэхдээ, “Монгол онцгой геополитикийн байршилтай. Хоёр том хөршийн дунд оршдог. Хоёр хөрштэйгөө явуулах харилцаа, хамтын ажиллагааг чухалчлахын зэрэгцээ “гуравдагч хөршийн бодлого”-ыг тууштай хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр Монгол Улс сүүлийн жилүүдэд амжилттай ажилласан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн жилүүдэд Төв Азийн чиглэлээр бодлогоо идэвхжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаанд түлхүү анхаарч байна” гэдгийг онцолж байв.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Түүхийн тэнхим ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Германы Берлин хот дахь Хумболдтын их сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа.
Ташрамд дурдахад, доктор Удо
Б.Баркманн нь монголын түүх, улс төр, гадаад бодлого, аюулгүй байдал судлалын
чиглэлээр нэгэн сэдэвт бүтээл 16, эрдэм шинжилгээний өгүүлэл 180 гаруйг
туурвиж, 2001-2013 онд Монгол Улсад ажиллахдаа ХБНГУ-д Монгол судлалыг хөгжүүлэх,
Монгол Улсын Герман судлалыг дэмжих, залуу боловсон хүчнийг бэлтгэх, монголын
түүх, нийгмийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, дээд боловсролын салбарын
хөгжилд бодит хувь нэмрийг оруулжээ. Түүний судалгааны үндсэн чиглэл нь Монгол
Улсын дундад болон шинэ үеийн түүх, улс төр, нийгмийн үйл явц, гадаад бодлого,
аюулгүй байдал, соёл шашны харилцаа зэрэг өргөн хүрээг хамарч байна.