Монголын эдийн засаг эрчимтэй өсөж байсан ч чадавх дутмаг хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-16 17:09:27

ВАШИНГТОН. /Eastwest/. БНХАУ-ын зах зээлтэй гүн холбоотой түүхий эд экспортлогч орон болох Монголд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсан болон түүхий эдийн ханшийн уналт хүндхэн цохилт болсон. Түүхий эдийн ханшийн уналт Монголд хэрхэн нөлөөлж байгаа тухай Олон улсын бодлогын зөвлөлийн  захирал Жонатан Беркшир Миллертэй ярилцлаа.

Монголын эдийн засагт түүхий эдийн эзлэх байр суурь? Түүхий эдийн ханшийн уналт нь улсын төсвийн зарцуулалтад хэрхэн нөлөөлсөн? Үр дагавар, улс төрийн тогтвортой байдал хэр байна вэ?

Түүхий эд, түүний ханш нь Монголын эдийн засгийн чухал хавхлага юм. Хэдэн жил эрчимтэй өсөж байсан Монголын эдийн засаг өнгөрсөн хэдэн жилд уналтад орж, ДНБ-ий өсөлт нь буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурсан. Үнэндээ, дэлхийн нүүрс нийлүүлэлт эрэлтээсээ давж, ханш нь унасны улмаас өнгөрсөн гурван жилд уул уурхайгаас хэт хамааралтай Монголын эдийн засаг хүндхэн цохилтод орсон. Ирэх жилүүдэд нүүрсний эрэлт нийлүүлэлтээсээ давах төлөвтэй байгаа хэдий ч Монголд хөрөнгө оруулагчдын тоо бага хэвээр байна. Ханш унаснаар чухал ач холбогдол бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалтад гаргах улсын төсвийн зарцуулалтад сөргөөр нөлөөлж, хүчин чадлыг бууруулж байна.

Эдгээр асуудлаас гадна, орлого маш ихээр буурч байгаатай холбоотойгоор Монголын Засгийн газар эрчим хүчний зардлыг нөхөх түлшний татаасны тогтвортой урсгалыг бий болгох асуудалтай нүүр тулж байна. Эрчим хүчний зардал илүү өргөн хүрээтэй нөлөөлж байгаа бөгөөд Монголын эрчим хүчний томоохон хэрэглэгчид болон аж ахуйн нэгжүүдэд бүр хүчтэй цохилт болжээ. Монгол урагш алхаж байгаа хэдий ч эдийн засгийн өсөлт нь хязгаарлагдмал хэвээр байсаар байвал энэ байдлаа хадгалахад хэцүү байх болно.

Монгол Улс их хэмжээний орлоготой байх үедээ дэд бүтцээ хөгжүүлэх болон ядуурал, нийгмийн халамжийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

Эдийн засаг нь огцом өсөж байх үедээ Монгол Улс дэд бүтэц, ялангуяа, эрчим хүч, ус, тээвэр, харилцаа холбоо гээд гол салбаруудаа хөгжүүлэх чухал алхмууд хийсэн. Төр болон хувийн хэвшлийн санаачилсан эдгээр санаачилга нь хэрэглээ, хүчин чадлын хувьд хангалтгүй байсан нь асуудал байсан юм. Монголын дэд бүтцийн хүчин чадал муу. Бага зэргийн дэвшил гарч байсан хэдий ч ус, ялангуяа, эрчим хүчний хүртээмжийг сайжруулах нь холын зорилго хэвээр байна. Ундны усны хангамж муугаас гадна, бохир ус хуримтлуулах болон хог хаягдал зайлуулах асуудалтай холбоотой дэд бүтцийн чухал асуудлууд байгаа. Мөн бараа дамжин өнгөрөхөд чухал ач холбогдолтой зам, төмөр замын дэд бүтэц Монголд сайн хөгжөөгүй. Монгол болон түүний хоёр хөрш БНХАУ, ОХУ хоорондын түүхий эдийн худалдааг дэмжихийн тулд тээврийн дэд бүтцийн асуудлыг шийдэх нь чухал юм.

Харин нийгмийн халамжийн асуудлаар Монголын Засгийн газар сайн тогтолцоо бий болгосон боловч стратеги муугаас хангалттай ажиллаж чадахгүй байна. Дэлхийн банкны хамгийн сүүлийн тайланд, Монголын иргэдийн хамгийн ядуу давхаргын 20 хувь нь нийгмийн халамжийн тэтгэмжийн 34 хувийг авсан бол тэтгэмжийн 30 орчим хувийг иргэдийн хамгийн чинээлэг давхаргын 40 хувь нь авсан байна. Энэ стандарт Төв Ази болон Европын бусад орноос хоцрогдож байна.

Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд Монгол Улс ямар алхам хийсэн бэ? Хэр үр дүнтэй байсан бэ?

Түүхий эдийн ханшийн уналтаас учрах уршгийг багасгахын тулд Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх нэн шаардлагатай. Ханшийн уналтад өртөхгүй байх боломжгүй ч гэсэн эдийн засгаа төрөлжүүлэх замаар үр дагаврыг нь бууруулах боломжтой. Одоогийн байдлаар Монгол Улс экспортоос хэт хараат учир их эмзэг байна. Монголын уул уурхайн салбар нь тус улсын экспортын дийлэнхийг эзэлж, ДНБ-ийх нь ихэнх хувийг бүрдүүлж байна. Монголын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэхийг хичээж, “баялгийн хараал”-аас зайлсхийх хэрэгтэйг ойлгосон. Зарим зорилтот салбарууд, ялангуяа, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт үр дүнтэй дэвшил гарч байна. Тус хоёр салбар Монголын ДНБ-ий 25 хувийг бүрдүүлдэг. Аялал жуулчлал, тэр дундаа эко-аялал жуулчлалыг дэмжих талаар илүү их хүчин чармайлтыг Монгол Улс гаргах хэрэгтэй. Харин хөдөө аж ахуйн салбарын тухайд биотехнологио шинэчлэх хэрэгцээ шаардлага байгаагийн сацуу олон улсын компаниудын шилдэг туршлагаас суралцах шаардлагатай байна. Эрчим хүчний хангамжийг төрөлжүүлэх нь мөн чухал бөгөөд ирээдүйд цөмийн эрчим хүчтэй болох тухай бодох хэрэгтэй.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ